“The Voice of Mongolia” шоугаар урлагийн замналаа эхлүүлсэн дуучин Г.Маргад олон улсын тавцанд тэсрэлт хийж, түүний “Soul Mantra” уран бүтээл Берлиний хөгжмийн видео наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртлээ.
Тус дуу нь дэлхийн шилдэг 10 бүтээлийн нэгээр нэрлэгдэж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан нь Маргадын хувьд төдийгүй Монголын хөгжмийн ертөнцийн хувьд түүхэн амжилт болж байна.
“Berlin Music Video Awards” бол хөгжмийн клип, видео урлагийн чиглэлээр зохиогддог олон улсын хэмжээний нэр хүндтэй наадам бөгөөд уран бүтээлчид, найруулагч, продюсеруудын өрсөлдөөн ширүүн өрнөдөг билээ.
Монголын хөгжмийн зах зээлээс анх удаа ийнхүү тус наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртсэн нь манай шинэ үеийн уран бүтээлчид гадаад зах зээлд бие даан, чадварлаг өрсөлдөх боломжтойг харуулсан чухал үйл явдал болж байна. Түүнчлэн энэ амжилт нь Монгол уран бүтээлчдийн нэр хүндийг дэлхий дахинд гаргах томоохон алхам болж байгааг салбарынхан онцолжээ.