Дэлхийн 30 гаруй улсад албан ёсны хувилбараар бүтээгдсэн алдарт “Top Chef” хоолны шоуны Монгол хувилбар үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. “Top Chef Mongolia” шоу 2026 оны аравдугаар сарын 24-нөөс эхлэн NTV телевизээр гарч эхэлнэ.
Тус шоуг NTV телевиз болон Nomadia Pictures хамтран бүтээж байгаа бөгөөд Монголын шилдэг 15 тогооч 100 сая төгрөгийн шагналын төлөө ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, тэсвэр хатуужлаараа өрсөлдөх юм.
“Top Chef Mongolia” нь NBCUniversal-ийн албан ёсны “Top Chef” форматын дагуу бүтээгдэж байгаа бөгөөд зөвхөн өрсөлдөөнт нэвтрүүлэг байхаас гадна Монголын хоол үйлдвэрлэлийн салбар, шинэ үеийн тогооч нарын ур чадвар, мэргэжлийн түвшнийг олон нийтэд таниулах зорилготой аж.
Шоуны шинэ дугаарыг NTV телевизээр Бямба гараг бүр 21:30 цагт хүлээн авах боломжтой. Харин Univision болон LookTV платформоор Пүрэв гараг бүр шинэ дугаар үзэгчдэд хүрнэ.
100 сая төгрөгийн төлөө зөвхөн амт биш, бүх ур чадвараа сорьно
Оролцогчдыг зөвхөн хоолны амт, үзэмжээр нь дүгнэхгүй. Тэд түүхий эдээ хэр зөв сонгож байгаа, хоол хийх технологийг хэр оновчтой ашиглаж байгаа, хугацаагаа хэрхэн удирдаж байгаа, гал тогооны ажлаа хэр зохион байгуулж байгаа, мөн бүтээлч шийдэл гаргаж чадаж байгаа эсэхээрээ өрсөлдөнө.
Шинэ дугаар бүрд өөр өөр сорилт хүлээж байх бөгөөд тогооч нар мэргэжлийн гал тогооны өндөр шаардлага, богино хугацаа, урьдчилан таамаглахад бэрх нөхцөл дунд өөрсдийн туршлага, мэдлэгээ бүрэн ашиглах шаардлагатай болно.
Тиймээс энэхүү тэмцээн нь 100 сая төгрөгийн шагнал хүртэхээс гадна оролцогчдын хувьд мэргэжлийн нэр хүндээ өсгөх, ур чадвараа ахиулах, цаашдын карьертаа шинэ боломж нээх томоохон талбар болох юм.
Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт олон жил ажилласан, мэргэжлийн туршлагаараа танигдсан С.Батмөнх буюу Demi, Я.Энхээ, Д.Тайван нар багтжээ.
Тэд оролцогчдын хийсэн хоолыг амт, гүйцэтгэл, орцын зохицол, техник ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ зэрэг мэргэжлийн олон шалгуураар үнэлнэ.
Шүүгчдийн өндөр босго нь оролцогчдыг сорилт бүр дээр алдаанаасаа суралцаж, арга барилаа өөрчилж, өөрсдийн шинэ боломжийг нээхэд хүргэхээр байна.
Хоолны урлаг, хариуцлагатай хэрэглээг хамтад нь харуулна
“Top Chef Mongolia” үзэгчдэд зөвхөн өрсөлдөөн, драматик мөчүүд хүргэхээс гадна мэргэжлийн тогоочийн ажлын бодит орчин, гал тогооны арын хөдөлмөр, хоол бүтээх нарийн үйл явцыг харуулах зорилготой.
Мөн хүнсний түүхий эдийг аль болох үр ашигтай ашиглах, хоолны хаягдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжих зэрэг сэдвүүдийг нэвтрүүлгээр хөндөх аж.
Ингэснээр хоол хийх урлагийн сонирхолтой талыг харуулахаас гадна хүнсийг зөв хэрэглэх, түүхий эдийг хүндэтгэх, хариуцлагатай хэрэглээний талаар үзэгчдэд шинэ ойлголт түгээхийг зорьж байна.
Олон улсад хэдийн танигдсан “Top Chef” форматыг Монголын үндэсний онцлог, хоолны соёлтой хослуулан бүтээж буй энэ төсөл нь дотоодын телевизийн контент, продакшны үйлдвэрлэлийн чанарт шинэ жишиг тогтоох зорилготой.
Ингээд “Top Chef Mongolia” шоугаар Монголын шилдэг 15 тогоочийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, тэсвэр хатуужил болон 100 сая төгрөгийн төлөөх ширүүн өрсөлдөөнийг үзэгчид долоо хоног бүр үзэх боломжтой болно.