Америкийн нэрт жүжигчин Tom Skerritt 93 насандаа байгалийн шалтгаанаар таалал төгссөн талаар түүний гэр бүл мэдэгджээ.
“Top Gun”, “Alien” зэрэг алдарт кинонуудаар үзэгчдийн сайн мэдэх болсон жүжигчин лхагва гарагт нас барсан байна.
Түүний хэвлэлийн төлөөлөгч Susan Madore-оор дамжуулан гэр бүл нь:
“Дэлхий нийт Tom-ийг түүний онцгой жүжигчний карьераар нь мэддэг байсан бол бид түүнийг хошин шогийн мэдрэмж, сониуч зан, мэргэн ухаан, өгөөмөр сэтгэл болон бидний амьдралд авчирсан хайраар нь мэддэг байсан”
хэмээн мэдэгдсэн байна.
“Alien”, “Top Gun”-аар дэлхийд танигдсан
Tom Skerritt “Alien”, “Steel Magnolias”, “Top Gun” зэрэг кинонуудаас гадна CBS сувгаар 1992-1996 онд гарсан David E. Kelley-ийн бүтээл “Picket Fences” цувралын гол дүрээр олонд танигдсан юм.
Тэр 1962 онд “War Hunt” киногоор кино урлагийн карьераа эхлүүлжээ. Үүнээс өмнө АНУ-ын Агаарын хүчинд дөрвөн жил алба хаасан байна.
1970 онд найруулагч Robert Altman-ы “MAS*H” кинонд мэс засалч Duke Forrest-ийн дүрийг бүтээснээр түүний карьерын томоохон эргэлт эхэлсэн юм.
Үүний дараа “Bonanza”, “Gunsmoke” зэрэг телевизийн цувралд тоглож, 1977 онд Anne Bancroft, Shirley MacLaine нартай хамт “The Turning Point” кинонд дүр бүтээжээ.
1979 онд Ridley Scott-ын найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн “Alien” кинонд Captain Dallas-ийн дүрд Sigourney Weaver-тэй хамт тоглосон нь түүний хамгийн дурсамжтай дүрүүдийн нэг болсон.
Дараа нь “The Dead Zone” кинонд тоглож, 1986 онд “Top Gun”-д Tom Cruise-ийн хамт Viper хэмээх цэргийн сургагчийн дүрийг бүтээсэн юм.
Ахмад дайчдыг дэмжих ажилд оролцдог байжээ
Tom Skerritt жүжигчний ажлаас гадна ахмад дайчдад туслах “Red Badge Project”-ийг хамтран байгуулсан байна.
Энэхүү төсөл нь ахмад дайчдад бичих, өөрсдийн түүхээ хуваалцах замаар гэмтлийн дараах стрессийн эмгэг, түгшүүр, сэтгэл гутралтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
Мөн тэрээр Америкийн гол мөрнийг хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд таниулах “Reflections of the River” баримтат цувралыг дэмжиж ажиллаж байжээ.
Tom Skerritt эхнэр Julie Tokashiki, таван хүүхэд, ач зээ, гуч нараа үлдээн одлоо.
Түүний гэр бүл гашуудлын энэ үед хувийн орон зайг нь хүндэтгэхийг хүсэж, дурсгалын ёслолын талаарх мэдээллийг дараа нь зарлана гэдгээ мэдэгдсэн байна.