Billie Eilish-ийн сүүлийн үеийн төрх олон нийтийн сүлжээнд өргөн хэлэлцүүлэг үүсгээд байна. Зарим хэрэглэгч түүнийг “Ozempic” хэрэглэсэн байж магадгүй, мөн хөхөө багасгах мэс засал хийлгэсэн гэх таамаг дэвшүүлсэн ч эдгээрийг батлах албан ёсны мэдээлэл одоогоор байхгүй байна.
Хэлэлцүүлэг John Hardy үнэт эдлэлийн брэндийн шинэ сурталчилгааны зургууд нийтлэгдсэний дараа эрчимжжээ. 24 настай Billie Eilish ах Finneas-тайгаа хамтран бүтээсэн гоёл чимэглэлийн цуглуулгаа танилцуулах үеэрээ дотуур хувцасны хэв маягтай нэхсэн торон топ өмсөн зураг авхуулсан бөгөөд энэ төрх нь түүний биеийн хэлбэрийг өмнөхөөс илүү тодотгосон байна.
Өмнөх дүр төрхтэй нь харьцуулан шүүмжилжээ
Billie Eilish карьерынхаа эхэн үед биеийн хэлбэрээ онцлуулахгүй, сул чөлөөтэй oversized хувцас өмсдөгөөрөө танигдсан. Тэр үүнийг өөрийг нь бэлгийн объект болгон харахаас зайлсхийх нэг арга гэж тайлбарлаж байсан юм.
Тиймээс сүүлийн жилүүдэд илүү бариу, задгай загварын хувцас сонгох болсон нь фэнүүдийн дунд эсрэг тэсрэг байр суурь үүсгэсээр байна.
Зарим хэрэглэгч түүнийг өмнөх үзэл санаанаасаа ухарч, шоу бизнесийн уламжлалт гоо сайхны стандарт руу ойртож байна гэж шүүмжилжээ. Мөн жин хассан харагдаж байгааг нь “Ozempic”-тэй холбон таамагласан сэтгэгдлүүд ч гарсан байна.
Гэвч өөр хэсэг нь ийм дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, хүний гадаад төрх, хувцаслалт цаг хугацааны явцад өөрчлөгдөх нь хэвийн зүйл хэмээн хамгаалжээ.
Тэд Billie Eilish-ийг эрүүл, зүгээр л өмнөхөөсөө туранхай харагдаж байна гэж үзсэнээс гадна түүний биеийн хэлбэрийг байнга шүүмжилдэг олон нийтийн хандлагыг буруутгасан байна.
Billie Eilish өмнө нь бодишеймингийн талаар ярьж байсан
Billie Eilish өөрийн бие болон олон нийтийн хандлагатай холбоотой асуудлын талаар өмнө нь олон удаа нээлттэй ярьж байсан.
2020 онд тэр “Not My Responsibility” нэртэй богино хэмжээний кино гаргаж, эмэгтэй хүний биеийг байнга үнэлж, шүүмжилдэг бодишеймингийн соёлыг эсэргүүцсэн юм.
Мөн Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анх удаа корсет болон илүү задгай хувцас өмссөн зургаа нийтэлсний дараа 100 мянга гаруй дагагч алдсан гэж ярьж байжээ. Тэр тухайн үеийн олон нийтийн хандлагыг өөрийг нь “хүн биш мэт” мэдрүүлсэн гэж тодорхойлсон байна.
Billie Eilish өөрийн биеийн өөрчлөлтийг өмнө нь эрүүл амьдралын хэв маяг, тогтмол дасгал хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байсан. Харин “Ozempic” хэрэглэсэн эсэх болон хөх багасгах мэс засал хийлгэсэн гэх яриаг тэр өөрөө батлаагүй байна.
Иймээс сошиал сүлжээнд тархсан эдгээр яриа нь одоогоор зөвхөн таамаг, цуурхлын түвшинд байгаа юм.