“Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” номоороо олон улсын уншигчдад танигдсан зохиолч Пэк Сэхи өнгөрсөн оны аравдугаар сард таалал төгссөн билээ. Түүний нас барсны нэг жилийн ойтой давхцуулан хамгийн ойр байсан хүмүүс нь “Buttermilk Way” нэртэй түүвэр эсээ хэвлүүлжээ.
Уг номыг Пэк Сэхитэй долоон жилийн турш хамт амьдарсан Ким Ган-то, 20 жилийн нөхөрлөлтэй И Сү-хён болон түүний дүү Пэк Да-хи нар хамтран бичсэн байна.
Пэк Сэхи өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд 35 насандаа тархины үхжилээр нас барсан. Тэрээр нас барсныхаа дараа эрхтнээ хандивласнаар таван хүний амийг аварсан юм.
Түүнийг санаж бичсэн тэмдэглэлүүд ном болжээ
“Buttermilk Way”-ийн зохиогчид өмнө нь амьдралдаа ийм ойрын хүнээ алдаж үзээгүй тухайгаа хуваалцсан байна.
Пэк Сэхи нас барснаас хойш тэд сар бүр нэг удаа уулзаж, түүнийг дурсах үедээ бичсэн зүйлсээ бие биедээ чангаар уншиж өгдөг болжээ.
Эхэндээ энэ нь уй гашуугаа хуваалцах, дурсамжаа хадгалах энгийн арга байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам бичвэрүүд нь улам олширч, бие даасан ном болгон эмхэтгэхүйц хэмжээтэй болсон байна.
Ингээд тэд Пэк Сэхигийн гэр бүлийнхнээс зөвшөөрөл авч, тухайн тэмдэглэлүүдээ нэгтгэн “Buttermilk Way” түүврийг хэвлүүлжээ.
Номын санаа нь Пэк Сэхигийн амьд ахуйдаа хэлж байсан нэгэн хүслийг ч биелүүлсэн байна. Тэр нэг удаа өөрийнх нь тухай хэн нэгэн бичээсэй гэж хүсдэг тухайгаа дүү Пэк Да-хид ярьж байжээ.
“Buttermilk Way” номын борлуулалтын тодорхой хувийг Солонгосын амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх санд хандивлахаар болсон байна.

“Бид түүний өмнөөс ярихыг хүсээгүй”
Пэк Сэхигийн дүү Пэк Да-хи өнгөрсөн долоо хоногт сошиал хуудсаараа дамжуулан эгчийгээ нас барснаас хойших нэг жилийн талаарх бодлоо хуваалцжээ.
Тэрбээр:
“Бүтэн жил өнгөрчихсөн гэхээр одоо ч итгэмээргүй. Маш олон зүйл өөрчлөгдсөн ч хачирхалтайгаар огт өөрчлөгдөөгүй зүйлс ч байна. Бид түүний өмнөөс ярих, эсвэл түүний амьдралд дүгнэлт хийхийг хүсээгүй. Харин түүнийг хайрлаж явсан хүмүүсийн хувьд өнгөрсөн нэг жилийг хэрхэн туулснаа л бүгд хуваалцахыг хүслээ”
гэж бичсэн байна.
Мөн Пэк Да-хи эгчийг нь одоо хүртэл санаж, бүтээлүүдийг нь уншсаар байгаа хүмүүст талархал илэрхийлжээ.
Уншигчдын илгээсэн сэтгэгдэл, захидал болон дурсамжууд Пэк Сэхигийн гэр бүлийнхэнд энэ хугацаанд ихээхэн тайтгарал болж байсан гэж тэр хэлсэн байна.
Дэлхийн 25 хэлээр орчуулагдсан номын зохиолч
Пэк Сэхигийн “Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” ном анх 2018 онд хэвлэгдсэн.
Зохиолч өөрийн сэтгэл гутралтай тэмцэж байсан туршлага, сэтгэл зүйчтэйгээ хийсэн ярилцлагууд болон дотоод мэдрэмжээ маш нээлттэй тэмдэглэн уг бүтээлийг туурвисан юм.
Уг ном богино хугацаанд олон уншигчийн анхаарлыг татаж, сэтгэцийн эрүүл мэнд, ганцаардал, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай илэн далангүй өгүүлсэн бүтээл гэдгээрээ танигдсан.
2019 онд номын хоёрдугаар дэвтэр гарсан бөгөөд хоёр бүтээл нийлээд дэлхийн 25 улсын хэлээр орчуулагджээ.
Ийнхүү Пэк Сэхиг нас барснаас нэг жилийн дараа түүний дотны хүмүүс өөрсдийн уй гашуу, дурсамж, хамт өнгөрүүлсэн мөчүүдээ “Buttermilk Way” номоор дамжуулан уншигчдад хүргэж байна.