Домогт BIGBANG хамтлагийн гол дуучин TAEYANG, мөн K-POP урлагийн хүчирхэг хоолойт уран бүтээлч AILEE нарын Монголын тайзнаа анх удаа хамтран тоглосон “Super Concert 2025” тоглолт зургаадугаар сарын 22-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж, фенүүдийн хувьд мартагдашгүй оройг бэлэглэлээ.
Энэхүү тоглолтыг “Evandis Entertainment” компани санаачлан зохион байгуулсан бөгөөд олон жилийн турш уран бүтээлчдээ хүлээсэн шүтэн бишрэгчдийн хувьд уг үдэш бүр мөч бүр догдлол, хүлээлт, уярлын уур амьсгалаар дүүрэн байсан юм.
Халуун өдөр болж өнгөрсөн энэхүү тоглолтын үеэр зохион байгуулагчид үзэгчдийг наршихаас сэргийлэн хүйтэн ус шүршиж, сэрүүцүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Мөн 550 гаруй хамгаалалтын алба хаагчид аюулгүй байдлыг ханган ажиллаж, тоглолт саадгүй өндөрлөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Түүнчлэн үзэгчдийн ёс зүйтэй, соёлтой үзэх соёлыг дэмжих зорилготой зөвлөмж, уриалгуудыг зохион байгуулагчдын зүгээс тоглолтын туршид хүргэж байв. Энэ нь оролцогч бүрийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн онцлог байлаа.
“Super Concert 2025” нь зөвхөн урлагийн тоглолт биш, харин соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбарыг хамарсан эдийн засгийн үр нөлөө бүхий томоохон арга хэмжээ байсныг салбарын судалгаанууд нотолж байна. Тус тоглолт нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэгээр нөлөөлнө гэсэн таамаглалууд ч гарсан.