Дэлхийд анх удаа хиймэл оюуны технологиор бүтсэн бүрэн хэмжээний уран сайхны кино ОХУ-д пүрэв гарагт нээлтээ хийх гэж байна. Энэ нь Оросын уран бүтээлчдийн бүтээл болох “Чингис-Хан: Мянганы хүн” кино юм. Уг киног Оросын сонгодог яруу найрагч, зохиолч Виктор Трифонович Слипенчукийн 1964 онд бичсэн «Чингис хан» хэмээх баатарлаг туульсаас сэдэвлэн бүтээжээ.
Зохиолчийн төрсөн хүү Михаил Слипенчук уг төслийн ерөнхий продюсерээр ажилласан бөгөөд Кирилл Калашников киноны найруулагчаар ажилласан. Киноны хөгжмийг Григорий Тюрин зохиосон байна.
Киноны албан ёсны нээлт энэ сарын 6-ны өдөр Москва хотын “Октябрь” кино театрт болж, 26-ны өдрөөс эхлэн Оросын бүх кино театраар гаргах шийдвэр гаргажээ.
Киног бүтээхэд Оросын “Зефир-Нейро” болон “Новое время” студи хамтран ажилласан бөгөөд киноны ерөнхий зураглал, дүрс, дүрүүд, дүрүүдийн хөдөлгөөн зэрэг 15 гаруй тусдаа модель дээр хиймэл оюуны технологийн программ ашигласан байна. Тус кино нь 12-оос дээш насныханд зориулсан бөгөөд түүхэн сэдэвтэй, 1 цаг 1 минут үргэлжилнэ.
Энэ бүтээл нь кино урлагийн салбарт үсрэлт хийж, нэг шат ахиулах хэмжээний бүтээл болсон гэж Оросын хэвлэлүүд онцолсон бөгөөд мөн тус кино энэ жилийн Каннын кино наадмын хаалтын үеэр зохион байгуулагдсан “AI Film Awards”-д “Хиймэл оюунаар бүтээсэн хамгийн урт кино” номинацад шүүгчдийн тусгай шагнал хүртсэн байна.
«Чингис-Хан» киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг киноны саитаас авч болно.