Нүүр хуудас Үйл явдал ба зар“Камертон” хамтлаг 44 хит дууг шинэчилсэн найруулгаар амьд хөгжмөөр дуулна

“Камертон” хамтлаг 44 хит дууг шинэчилсэн найруулгаар амьд хөгжмөөр дуулна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын поп урлагийн ноён оргилуудын нэг “Камертон” хамтлаг 30 жилийн ойдоо зориулсан тоглолтын талаарх хэвлэлийн бага хурлыг 2025 оны зургадугаар сарын 24-нд “Shangri-La Centre”-ийн “Brussels Belgian Beer Cafe”-д өдөрлөг хэлбэрээр зохион байгууллаа. “Camerton-30” хэмээх энэ тоглолт нь зүгээр нэг концерт бус харин залуусын дурсамж, хайр, хөгжмийн урлагийг тайзнаа амилуулах өвөрмөц уран бүтээл байх юм.

44 дуу, 11 цомгийн шинэчлэгдсэн дуулалт

Хамтлагийн ахлагч Д.Болд “Нийт 44 хит дуугаа амьд хөгжмийн шинэчилсэн найруулгаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэл ажил хангагдсан байгаа. Фэнүүд маань дуунуудынхаа үгийг цээжилж ирээрэй” хэмээн хэлсэн. Энэхүү тоглолтод “18 нас” цомгоос эхлэн “Хязгааргүй” хүртэлх бүтээлүүд багтсан бөгөөд хамтлагийн гишүүн тус бүр бие даасан уран бүтээлээрээ оролцоно.

Поп урлагийн түүхэнд бичигдсэн Камертон

Хөтлөгч Г.Анхбаяр тоглолтын нээлтийн үеэр “Камертон хамтлаг Монголын хамгийн анхны гадаадад хийсэн клип, анхны Double CD, анхны VCD-г гаргаж, соёлын өвийн стандартыг дээшлүүлсэн. Энэ бол зүгээр нэг хамтлаг биш, үе үеийн залуусын хайрын гүн хэлхээс энэ хамтлагтай холбоотой байдаг” хэмээн тодотгосон. Тэрээр мөн тэднийг “гайхалтай дөрвөн аав, дөрвөн хоолой, дөрвөн найз” хэмээн тодорхойлсон бөгөөд тэдний 30 жилийн нөхөрлөл, уран бүтээлд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн.

Гэрэл зургийн дурсамж, шинэ уран бүтээлүүд

Өдөрлөгийн хүрээнд гэрэл зурагчин н.Болор-Эрдэнэ хамтлагийн онцлох мөчүүдийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан нь олны анхаарлыг татав. Хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар “2024 онд бид ‘Сэтгэлийн хүч’, 2025 онд ‘Нар туссан бүхний оргил’ гэх шинэ дуугаа гаргасан. Харин өнөөдрийн гэрэл зургууд бол бидний өнгөрсөн амьдрал, өнгөрсөнд хийж бүтээж байсан тэр галтай, цогтой, дөлтэй, гайхалтай мөчүүдийн халуун дурсамж юм” хэмээн ярьсан.

Мөн хамтлагийн гишүүд Б.Эрдэнэбат, Л.Ган-Эрдэнэ нар тоглолтод ирэхийг уриалж, “Энэ бүх хугацаанд хамт байсан гэр бүл, үр хүүхэд, ах дүү, үзэгч сонсогчдодоо баярлалаа. Зургадугаар сарын 28-нд SocialPay Park-д уулзацгаая” гэж хэллээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх