Нүүр хуудас Урлаг30 ЖИЛИЙН ТҮҮХЭНД ХАЙР, ХУЧИН ЧАДЛААРАА ГЭРЭЛТСЭН КАМЕРТОН

30 ЖИЛИЙН ТҮҮХЭНД ХАЙР, ХУЧИН ЧАДЛААРАА ГЭРЭЛТСЭН КАМЕРТОН

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Шүүдэр шиг тунгалаг гэрэлт оддыг
Шөнөжин мөрөөдөж хоносон
Алтан нарны болор туяанд
Анхны болзоонд зогсохыг хүснэ
Аяа миний 18 нас…”

Ийнхүү анх удаа тайзнаа гарч, өөрсдийн өнгө төрхөөр “18 нас” дуугаараа үзэгчдийн сэтгэлийг булаасан хөвгүүд өдгөө Монголын хөгжмийн урлагийн домогт хамтлаг болтлоо өсч дэвжсэн нь Камертон байлаа.

1995 онд Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхдаа дөрвөн залуу хамтлагаа байгуулсан нь Монголын поп хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээж, сэтгэлд хоногшсон олон дуу төрөх эхлэл болсон юм. Анх Д.Болд, Г.Мэнд-Амар хоёр ангийнхаа охидтой хамтлаг байгуулж байсан ч эрэгтэй гишүүдтэй хамтлаг байгуулахаар шийдэж, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат нарыг багтаан “Камертон”-ыг үүсгэн байгуулжээ. Тэдний олон нийтийн өмнө анх танигдсан уран бүтээл нь Ч.Лхамсүрэнгийн шүлэг, Д.Лувсаншаравын аялгуу “Маамуу нааш ир” дууг акапелла байдлаар толилуулсан явдал байв.

Өөр өөрсдийн өнгө төрх, хоолойн өнгийг нэгтгэн Монголчуудын дунд танигдаж эхэлсэн тэд анхны дуугаараа үзэгчдийн зүрхийг доргиож, “Камертон” хэмээх нэрийг ард түмэнд хүргэсэн билээ. “18 нас” дуу бол тэдний албан ёсны нээлт бөгөөд уг дууны аяыг “Никитон” хамтлагийн Б.Батчулуун зохиож, “Титэм” хамтлагийн Л.Тайванбатад зориулсан байсан ч эцэст нь “Камертон”-ы дуу болон түүхэнд үлдсэн юм. Үүний дараа тэд тухайн жилийн “Пентатоник” наадмаас “Шилдэг дебют хамтлаг” шагналыг хүртэн, албан ёсоор уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

Цомгоо гаргаж, анхны тоглолтоо зарласан үеэс хойш өдгөө 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд “Хэн ч уйдаагүй хайр”, “Сартай шөнийн дуу”, “Халуун тэнгэр”, “Зүүд”, “Гудамжинд”, “Хүсэл хясал” зэрэг олон хит дуу төрүүлж, Монголын хөгжмийн ертөнцийн өнгийг тодорхойлсон он жилүүдийг ардаа үдсэн.

Д.Болд уян налархай аргадан дуулах бол, Мэндээ, Ганаа хоёр хоолойгоороо дууны өнгө аяс, мэдрэмжийг нарийн төвөггүй уялдуулдаг. Эба тайван, намдуу хоолойгоороо дууг гүн гүнзгий мэдрүүлнэ. Тэдний хоолой тус бүр өөрийн өнгө, мэдрэмжтэй бөгөөд хамтдаа нэгэн бүхэл бүтэн аялгууг бүтээдэг.

“Хайрлая, чамайгаа хайрлая”, “Миний л хайр”, “Санахын жаргал” гэх мэт уран бүтээлүүдээрээ тэд хайр, гуниг, хүсэл мөрөөдөл, ухаарал, дурсамжийг эгшиглүүлж ирсэн. 30 жил уран бүтээлээ тасралтгүй хийсэн хамтлаг гэдэг нь өөрөө үнэт өв, үнэнч сонсогчдын сэтгэлд мартагдашгүй үнэ цэнтэй хадгалагддаг юм.

Маргааш тэд Social Pay Park-д 30 жилийн ойдоо зориулсан тоглолтоо хийх гэж байна. Тэд өнгөрсөн бүх амжилтаа дурсаж, маргаашийн уран бүтээлд урам зориг авч, бүх хит дуунуудаа дахин эгшиглүүлэхээр бэлтгэжээ. Тайзнаа гарч байсан анхны “18 настай хөвгүүд” одоо гэр бүлтэй, аавууд болсон ч, дуундаа шингээсэн мэдрэмж, мөрөөдөл, ухаарал, хайр нь хэвээрээ. Сонсогчид нь ч тэдэнтэй хамт өсөж, тэдэнтэй хамт 18 настай үеэ эргэн дурсах болно.

Тийм ээ, энэ бол Камертон. Монголчуудын сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон хайртай хамтлаг.

You may also like

Сэтгэгдэл үлдээх