Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар ирэх саруудад Орос, Франц, Итали зэрэг улсуудад байр суурь өндөртэй театруудад уригдан, Ж.Вердийн сонгодог бүтээлүүдэд гол дүрийг бүтээх товтой байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болсон Большой театрын аялан тоглолтын хүрээнд Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ найруулгад Мариинскийн тайзнаа дуулсан билээ.
Мөн өнгөрсөн оны сүүлийн улиралд Г.Ариунбаатар ОХУ-ын Большой театр, Францын Гренобль хотын театр, Парисын филармони, Лион хотын Дуурийн театрын тайзнаа урилгаар дуулж, олон улсын уран бүтээлийн замналаа улам баяжуулсан. Түүнчлэн 2025 оны тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 1-нд Испанийн Менорка хот дахь “Fundació Menorquina de l’Òpera” театрт Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг, зургаадугаар сарын 28-нд Москвагийн Их театрт мөн тус дуурийн тоглолтод дуулсан юм.
Тэрбээр тун удахгүй дахин Орос, Франц, Итали улсын нэр хүндтэй театруудад гоцлон дуулах хуваарьтай. Ирэх долдугаар сарын 4-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинскийн театрт Ж.Вердийн “Эрнани” дуурийн гол дүрд, долдугаар сарын 20-нд Францын Оранж хотын эртний Ромын театрт “Хувь заяаны хүч” дуурийн концерт хувилбарт оролцохоор төлөвлөгдөөд байна. Мөн наймдугаар сарын 9, 11, 13-ны өдрүүдэд Францын Санксэй хотын Галло Ромын театрт “Набукко” дуурьт дуулах бол аравдугаар сарын 10-нд Италийн “Teatro Regio di Parma” театрын “Gala Verdiano” тоглолтод оролцох юм.
Г.Ариунбаатарын уран бүтээл ийнхүү дэлхийн дуурийн урлагийн ноён оргилуудын нэг болох Европын театрын тайзнаа байнга эгшиглэж буй нь түүний авьяас чадвар, хөдөлмөрийн үнэ цэнийг нотолж байна.