Холливудын нэрт жүжигчин Брэд Питт гол дүрд нь тоглосон «F1» кино анхны амралтын өдрөөрөө дэлхий даяар 144 сая ам.долларын орлого олжээ. Энэхүү кино нь жилийн хамгийн амжилттай нээлтүүдийн нэг болоод байна.
Киноны найруулагчаар өмнө нь «Top Gun: Maverick» киног бүтээсэн Жозеф Косински ажилласан бол гол дүр болох Формула-1-ийн уралдаанч асан Сонни Хейсийн дүрийг Брэд Питт амилуулжээ. Тус кинонд Сонни Хейс олон жилийн өмнө уралдааны ертөнцөөс гарсан ч багийн эзэн түүнд дахин нисгэгчийн байр суурь санал болгож, ирээдүйтэй залуу уралдаанч Жошуа Пирсийг дасгалжуулахыг хүсдэг тухай өгүүлдэг. Жошуа Пирсийн дүрд Демсон Идрис тоглосон бөгөөд мөн Хавьер Бардем, Симон Эшли нарын жүжигчид кинонд оролцжээ.
Киног технологийн аварга Apple компани олон улсын кино театруудад гаргасан байна. Бүтээлд дэлхийн алдартай уралдаанч Льюис Хэмилтон продюсероор оролцсон бол “Top Gun” цувралын продюсер Жерри Брукхаймер мөн уг киноны арын багт ажилласан юм. Киноны зураг авалтыг жинхэнэ Формула-1-ийн уралдааны замууд дээр хийсэн нь кинонд бодит уур амьсгал оруулсан хэмээн шүүмжлэгчид онцолж байна.
«F1» кино 2025 оны зургаадугаар сарын 27-нд дэлхий даяар нээлтээ хийсэн бөгөөд АНУ-ын кино театруудаас 55.6 сая ам.доллар, бусад 78 улсын зах зээлээс нийт 88.4 сая ам.долларын орлого цуглуулсан байна. Ийнхүү кино нь анхны амралтын өдрүүдэд нийт 144 сая долларын орлогоор Box Office-ийн жагсаалтыг тэргүүлжээ.