Готик рок, гранж урсгалын төлөөлөл болсон алдарт “Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ студийн цомгоо гаргахаар ажиллаж буйгаа олон нийтэд анх удаа албан ёсоор зарлалаа. Хамтлагийн гоцлол дуучин Эми Ли Нью Жерсигийн “WDHA-FM” 105.5 радиогийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ шинэ уран бүтээлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг хуваалцсан юм.
Хамтлаг саяхан “Netflix”-ийн “Devil May Cry” цувралын хүрээнд “Afterlife” нэртэй шинэ синглээ цацсан бөгөөд уг бүтээлийг Эми Ли хөгжмийн продюсер Алекс Сеавертэй хамтран бичжээ. Уг дуу цацагдсанаасаа хойш хэдхэн долоо хоногийн дотор 30 сая гаруй хандалт авч, “Evanescence”-ийн хамгийн богино хугацаанд өндөр үзүүлэлт үзүүлсэн бүтээл болсон байна.
Эми Ли ярилцлагын үеэр “Ковидын үед бид хэд хэдэн дууг бичиж бэлэн болгосон ч цомгоо бүрэн дуусгаж амжаагүй. Тиймээс тухайн үедээ шууд зарим уран бүтээлээ цацах шийдвэр гаргасан. Энэ нь тухайн цаг үеийн сэтгэлзүйн нөхцөлд тун зөв алхам болсон. Шинэ бүтээлээ хүлээлтгүйгээр, шууд хүргэх нь бидэнд ч, сонсогчдод ч онцгой мэдрэмж өгсөн. Энэ жил ч мөн энэ зарчмыг үргэлжлүүлэх бодолтой байна. Цомог дотор багтаагүй хэд хэдэн тусгай төсөл, сингл ч давхар гарах магадлалтай. Харин бүрэн цомог 2026 оны эхээр нээлтээ хийх болно” хэмээн онцоллоо.
2003 онд “Bring Me to Life” хэмээх тэсрэлттэй синглээрээ дэлхийн хөгжмийн тавцанд гарч ирсэн “Evanescence” хамтлаг “Fallen” цомгийн ачаар олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан бөгөөд шинэ уран бүтээлүүдээрээ дахин шуугиан дэгдээхэд бэлэн байна.