Netflix-ийн “KPop Demon Hunters” нэртэй хөгжмийн анимэйшн кино дэлхий даяар трэнд болж, уг бүтээл дэх зохиомол K-pop хамтлагуудын дуунууд АНУ-ын хөгжмийн чартад жинхэнэ одуудтай эн зэрэгцэн, топ 10-т багтаж эхэллээ.
Хоёр долоо хоногийн дотор 33 сая гаруй үзэлттэй болсон энэхүү кино нь Netflix-ийн хамгийн олон хандалттай бүтээл болоод байна. Түүнчлэн түүний дуу хөгжмүүд Spotify болон Billboard-ийн чартуудыг эзэлж, K-pop-ийн түүхэнд шинэ хуудсыг нээж байгаа юм.
Хиймэл хамтлагууд жинхэнэ одуудыг гүйцэж байна
- Saja Boys нэртэй хөвгүүдийн хамтлагийн “Your Idol” дуу Spotify-ийн АНУ-ын чартын хоёрдугаар байранд бичигдэж, BTS-ийг давсан түүхэн амжилт үзүүлсэн.
- Охидын хамтлаг Huntr/x-ийн “Golden” дуу гуравдугаар байранд орсон нь Blackpink-ийн амжилтад тэнцэхүйц үзүүлэлт боллоо.
- Киноны саундтрак Billboard 200 чартад топ 10-т бичигдэж, энэ оны хамгийн өндөр амжилттай нээлт болсон саундтрак болжээ.
Huntr/x хамтлагийн “Golden” дууг Republic Records албан ёсоор сингл болгон гаргаж байгаа бөгөөд Netflix уг дууг шагналын нэр дэвшүүлэлтэд хүргүүлж буйг Variety мэдээлжээ.
KPop Demon Hunters: Хөгжим + Адал явдал
Уран сайхны киноны гол үйл явдал нь гурван гишүүнтэй Huntr/x охидын хамтлагийг тойрон өрнөдөг. Гишүүд болох Рүми, Мира, Зои нар энгийн амьдрал дээр K-pop одууд мэт боловч үнэн хэрэгтээ тэд хүн төрөлхтнийг хар хүчнээс хамгаалдаг чөтгөр ангуучид юм.
Тэдний гол дайсан бол Saja Boys гэх чөтгөрийн дүрд хувирсан хөвгүүдийн хамтлаг. Гишүүд болох Жину, Аббс, Романс, Бэйби, Мистери нар чөтгөрийн хаан Гви-ма-гийн тушаалаар Huntr/x-ийн фенүүдийн сэтгэлийг булаах даалгавартайгаар ирсэн.
Амжилтын нууц: K-pop-ийн супер продюсерүүд
Уг киноны амжилтын ард K-pop-ийн алдарт продюсерүүд ажилласан нь анхаарал татаж байна. Тухайлбал:
- Teddy Park (Blackpink-ийн продюсер)
- Lindgren (BTS-тэй хамтарч байсан продюсер)
гэх мэт мэргэжлийн баг цуглан, энэхүү зохиомол K-pop ертөнцийг бүтээгээд байна.
Жинхэнэ одууд ч хөдөлгөөнд орж эхэллээ
- BTS энэ долоо хоногт АНУ-д ирж, шинэ уран бүтээл дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд дараа жил шинэ цомог гаргаж, тоглолтын аялан тоглолт хийхээр төлөвлөж байна. Бүх гишүүд нь цэргийн албаа дуусгаад байгаа.
- Blackpink 2025 оны 7-р сарын 5-нд эхлэх “Deadline” хэмээх бүх цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглох анхны дэлхийн аяллаа зарласан. Тэд 2022 оны “Born Pink” цомгоос хойш шинэ дуу гаргаагүй байсан ч уг аялалтай зэрэгцэн шинэ уран бүтээлээ танилцуулах гэж байна.