Налайх дүүргийн “Плэйтайм хүрээлэн”-д энэ сарын 3-6-ны өдрүүдэд 23 дахь удаагаа зохион байгуулагдсан “Playtime” хөгжмийн наадам зүгээр л сонгодог арга хэмжээ бус, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн залуусын бүтээлч орон зай байлаа.
Электроник ба альтернатив инди рок урсгалуудыг хослуулсан хэд хэдэн тайзнаа залуус хөгжмөөр дамжуулан өөрсдийгөө илэрхийлэхийн зэрэгцээ хувцаслалтаараа ч эрх чөлөө, хэвшмэл ойлголтоос ангид байх хүсэл эрмэлзлээ тодотгов. Стандарт загвар, хэм хэмжээг үгүйсгэсэн, этгээд ч гэлээ өөрсдийн өнгө төрхийг цогцлоосон хувцаслалтууд наадмын уур амьсгалд онцгой өнгө нэмсэн юм.
Энд хэн ч нэгнээ гадаад төрх, хувцаслалт, хүйс, арьсны өнгө, үзэл бодлоор нь ялгаварлахгүй. Харин ч эсрэгээрээ, хувь хүн бүрийн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг дэмжсэн нээлттэй, бүтээлч уур амьсгал ноёлж байлаа. Энэ бол зүгээр нэг хөгжмийн наадам биш, харин өөрийнхөөрөө байх, эрх чөлөөг мэдрэх боломжийг олгодог соёлын чөлөөт ертөнц байв.







