Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр Төв талбайд нээлтээ хийлээ.
19 дэх удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж буй уг наадам нь Монголчуудын үндэсний хувцас, соёл уламжлал, биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, мөн олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зорилготой юм.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хүүхэд, залуучуудын театр хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Соёл урлагийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монгол Костюмс ХХК зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна.
Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын онцлох хэсгүүд:
- Үндэсний хувцастай иргэдийн парад
- Ардын урлагийн тоглолт, мэндчилгээ
- Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
- Дээл, хувцастай холбоотой уралдаан, тэмцээн
- Монгол гэр, зан заншлыг харуулсан хотхон
- Үндэсний тоглоом, дээл хувцасны үзэсгэлэн худалдаа
- Тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ багтжээ
Наадмыг энэ жил зөвхөн дотоодын иргэд төдийгүй БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгар зэрэг бүс нутгийн төлөөлөгчид ч мөн оролцож, өөрсдийн угсаатны онцлог бүхий хувцас, соёлыг танилцууллаа. Тэд хүндэтгэлийн жагсаалд оролцож, соёлын өвийн үзүүлбэр үзүүлсэн нь наадмын өнгө төрхийг улам бүр баяжууллаа.
Жил бүр 10,000 гаруй оролцогч, 15,000 гаруй үзэгчийг хамардаг тус наадам нь нийслэлчүүд болон дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг татсан, үндэсний онцлог бүхий онцгой арга хэмжээ болоод байна.







