АНУ-ын цахим ертөнцийн од, алдарт инфлюнсер Эштон Халл энэ сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монголд ирэхээр төлөвлөж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр даваа гарагт /2025.07.14/ өөрийн өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг харуулсан видео нийтлэхдээ тайлбар хэсэгт “Монгол 07/16–07/19, удахгүй уулзая” хэмээн бичсэн байна.
Эштон Халл энэ оны гуравдугаар сард өглөө бүрийн хэвшил, бэлтгэлийн видеогоо цахим сүлжээнд байршуулснаар олны анхаарлыг татаж, мийм хэлбэрээр цахим орчинд тархсан юм. Үүнээс хойш тэрбээр интернет орчинд танигдаж, дагагчдынхаа хүрээнд хурдтай алдаршсан.
Түүний цахим хуудаснууд дахь контентын гол сэдэв нь гүйлт, дасгал хөдөлгөөний бичлэгүүд бөгөөд үүнийгээ өөрийн урам зориг, амьдралын хэв маяг болгон харуулдаг. Үүнтэй холбоотойгоор түүнийг алдарт стриймэр IShowSpeed-тэй хурдны уралдаанд оролцохыг фэнүүд нь уриалсан бөгөөд хоёр инфлюнсер сар гаруйн өмнө уралдсан ч Эштон Халл ялагдсан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм.
Сонирхуулахад, IShowSpeed гурван сарын өмнө Монголд айлчилж, стрийм контентууд бэлтгэсэн нь монгол үзэгчдийн талархлыг хүлээж байсан билээ. Харин энэ удаад Эштон Халл түүний араас Монголыг зорьж буй нь сошиал медиад томоохон анхаарал татаж эхлээд байна.