2025 оны наймдугаар сарын 1-нд Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан урлагийн томоохон арга хэмжээний хүрээнд хүннү рок урсгалаар дэлхийд нэрээ дуурсгасан The Hu хамтлаг Улаангом хотод тоглолтоо хийв. Тоглолтыг үзэхээр Монгол орны өнцөг булан бүрээс мянга мянган шүтэн бишрэгчид зорин ирж, Увсын цэнгэлдэх хүрээлэн үзэгчдээр дүүрчээ.
Тоглолтын өмнө хамтлагийнхан Монголын нэрт дуучин, БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн нь олны анхаарлыг татав. “Ойрад” хүүхэд, залуучуудын театрын өмнө сүндэрлэсэн энэхүү дурсгал нь уран барималч Ж.Түмэнчулууны урласан бүтээл бөгөөд дуучны уянгалаг хоолой, донж маягийг илэрхийлсэн нарийн хийц, ур хийцээрээ үнэлэгдэж байна.
Хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Б.Дашдондог энэ талаар “Бага наснаасаа түүний дууг сонсож, авьяас, уран бүтээлд нь биширч ирсэн. Өнөөдөр түүний хөшөөнд нутгийнх нь хөрсөнд хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Хөшөөг санаачилсан хүмүүсийн нэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Энэхүү 3.5 метр өндөр хөшөө 3000-5000 жилийн насжилттай чулуугаар хийгдсэн” гэж мэдээлсэн юм.
The Hu хамтлагийн зүгээс энэхүү хүндэтгэл нь тэдний уран бүтээлийн үндэс болсон үндэсний урлаг, өв уламжлалаа дээдэлж буй илэрхийлэл гэдгийг онцолсон байна.