Нүүр хуудас Уран сайханМонголд анх удаа хүүхэлдэйн урлагт зориулсан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна

Монголд анх удаа хүүхэлдэйн урлагт зориулсан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Хүүхэлдэйн урлагийн түүх эртний Египетээс эхтэй бөгөөд МЭӨ 2000 оны үед хүүхдүүдэд зориулан мод, шавар, чулуу, даавуугаар хүүхэлдэй хийдэг байжээ. Эдгээр нь зүгээр ч нэг тоглоом биш, харин шашны болон ёс заншлын утгатай байв. Зарим нь гоёл чимэглэлтэй, утсаар хийсэн үстэй байдаг байжээ. Харин орчин үеийн хүүхэлдэйн загвар XVI зуунд Европт үүсэж, Германд XIII зуунаас шавар, XV зуунаас модон хүүхэлдэй үйлдвэрлэгдэж эхэлсэн түүхтэй. Францад XVI зууны үед загварлаг хувцастай хүүхэлдэйнүүд бий болж, тэдгээрийг тоглоомоос гадна соёл, боловсролын хэрэгсэл болгон ашиглаж байв.

Монгол Улсад хүүхэлдэй хэзээ орж ирсэн нь тодорхой бус байсаар ирсэн ч хятад болон оросоор дамжиж ирсэн байж болзошгүй гэсэн таамаглал оршин тогтносоор байна. Гэсэн ч эдгээрийг батлах хангалттай баримт олдоогүй. Харин 2014 оноос Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор гэдэг газарт доктор Ц.Одбаатарын удирдсан судалгааны багийн археологийн малтлагын явцад олдсон 15х3.5 см хэмжээтэй хүний дүрст модон сийлбэр нь монголчууд ч мөн хүүхэлдэйн уламжлалтай байж болзошгүй гэсэн таамгийг бий болгосон.

Энэ түүхэн онцлогийг харгалзан “Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн” 2025 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монголын Урчуудын Эвлэлийн Танхимд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн наймдугаар сарын 25-ныг дуустал өдөр бүр 10:00–18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүйгээр нээлттэй байх юм.

Үзэсгэлэнд дараах төрлүүдийн хүүхэлдэйн бүтээлүүд багтжээ:

  • Уран бүтээлчийн зохиомол хүүхэлдэйнүүд
  • Театр, анимейшн болон киноны зориулалттай загварууд
  • Модон сийлбэр, ноос ноолуур, арьс, цаас, гуулин суурьт 3D бүтээлүүд
  • Механик хөдөлгөөнт загварууд

Энэхүү үзэсгэлэн нь хүүхэлдэйн урлагийг бие даасан шинжлэх ухаан, урлагийн салбар болгон хөгжүүлэхэд түлхэц өгөхөөс гадна уран бүтээлчдийг нэгтгэх, үндэсний гоо зүй, ертөнцийг үзэх үзэл, уламжлалт сэтгэлгээг хүүхэлдэйгээр дамжуулан илэрхийлэх, өвлүүлэх зорилготой юм. Энэ нь зөвхөн урлагийн бүтээл үзүүлэхээс илүүтэй соёлын тээгч хэлбэрийг харуулж байгаагаараа онцлогтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх