Нүүр хуудас Үйл явдал ба зарБий биелгээний хэмнэл Увс нутагт цуурайтана

Бий биелгээний хэмнэл Увс нутагт цуурайтана

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монгол түмний уламжлалт соёлын үнэт өв болох бий биелгээ-г ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээх, олон нийтэд таниулах зорилготой “Монгол бий биелгээ” наадмыг энэ сарын 16-17-нд Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадам нь 2009 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн «Монгол ардын бүжиг, бий биелгээ»-г хамгаалах, хадгалах, сэргээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Наадмын гол зорилго нь үндэсний өв уламжлалыг шинэ цагийн залуу үед амьд хэлбэрээр өвлүүлэх, бий биелгээг мэргэжлийн болон ардын авьяастнуудын дунд өргөн цар хүрээтэй уралдаан хэлбэрээр дэлгэрүүлэхэд оршино. Арга хэмжээг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, болон Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургууль хамтран зохион байгуулж байна.

Наадмын үеэр зөвхөн бий биелгээ бус, мөн ихэл, товшуур, шанз зэрэг үндэсний хөгжмийн зэмсэг бүхий урлагийн төрлүүдээр өв тээгч ахмад уран бүтээлчид болон залуу авьяастнуудын дунд уралдаан зохион байгуулагдаж, шилдгүүдийг тодруулах юм.

Энэхүү арга хэмжээ нь “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” хэмээх төслийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд Монголын үндэсний өв соёлын дархлааг тэлэх, олон нийтэд хүргэх, цаашид олон улсын хэмжээнд таниулах зорилготой томоохон алхам гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх