2015 онд анх дэлгэцнээ гарч, дэлхий даяар өндөр амжилт олсон Холливүүдийн “The Intern” кино Солонгос хувилбараар дахин бүтээгдэхээр болжээ. Эх хувилбарт Роберт Де Ниро, Энн Хэтэуэй нар тоглон, 30 орчим насны амжилттай яваа эмэгтэй гүйцэтгэх захирал болон 70 настай дадлагажигч хоёрын нөхөрлөл, халуун дулаан харилцаа, хөгжилтэй бөгөөд ухаарал төрүүлэх түүхийг өгүүлсэн билээ.
БНСУ-ын Кино урлагийн зөвлөлөөс мэдээлснээр, шинэ хувилбарт домогт жүжигчин Чой Мин Шиг болон залуу од Хан Су Хи нар тоглох нь албан ёсоор батлагджээ.
- Чой Мин Шиг – “Oldboy”, “I Saw The Devil”, “Exhuma” зэрэг алдарт бүтээлүүдээрээ танигдсан тэрээр амьдралын баялаг туршлага, намуухан зан чанараараа эргэн тойрныхонд урам зориг өгдөг ахмад дадлагажигчийн дүрийг бүтээнэ.
- Хан Су Хи – “My Name”, “Gyeongseong Creature” цувралаар нэрд гарсан тэрээр технологийн салбарт өөрийн хүчээр амжилтад хүрсэн, шийдэмгий, ухаалаг эмэгтэйн дүрд тоглох юм.
Киноны зураг авалт ирэх есдүгээр сард эхэлж, 2026 онд үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдсөн байна.