БНСУ-ын урлагийн ертөнцөд уран бүтээлчид төрсөн өдрөө буяны ажил хийж тэмдэглэх уламжлал түгээмэл байдаг. Энэ жишгийг “Stray Kids”-ын гишүүн Чанбин үргэлжлүүлж, төрсөн өдрөөрөө Сөүл хотын Samsung эрүүл мэндийн төвд 100 сая вон (ойролцоогоор 72 мянган ам.доллар) хандивлажээ.
Түүний өгсөн хандив нь санхүүгийн боломж тааруу, сэтгэцийн өөрчлөлттэй өсвөр болон бага насны хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа, нөхөн сэргээх хөтөлбөрт зориулагдах юм. Чанбин хандивын үеэр “Төрсөн өдрөөрөө та бүхний хайрыг хариулж, хүүхдүүдэд бага ч болов итгэл найдвар өгөх боломж олдсонд баяртай байна” хэмээн шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлжээ.
Samsung эрүүл мэндийн төвийн зүгээс “Чанбины өгөөмөр сэтгэл, 100 сая вон нь залуу өвчтөнүүд болон тэдний гэр бүлд том дэмжлэг болох бөгөөд бид энэ мөнгийг тэдний эмчилгээнд зориулах болно” гэж мэдэгдсэн байна.
Чанбин өмнө нь ч сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож ирсэн. Энэ онд Кёнсанд болсон ой хээрийн түймрийн хор уршгийг арилгах ажилд олон сая вон хандивласан бол 2023 онд Турк, Сири улсад болсон газар хөдлөлийн гамшгийн үеэр тусламж үзүүлж, “The Promise Honor Club”-т элсэж байв.