Нүүр хуудас УрлагЭ.Золбоо буюу O.Z: Уран бүтээл хийх хүсэл төрсөн өдөр өөрөөр эхэлдэг

Э.Золбоо буюу O.Z: Уран бүтээл хийх хүсэл төрсөн өдөр өөрөөр эхэлдэг

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Хурц үгтэй хип хоп дуунуудаас эхлээд уянгын, хайрын мэдрэмж шингэсэн бүтээлүүд хүртэл туурвидаг реппер, дуучин O.Z-г “Таагаагүй”, “Чам руу”, “Ганц удаа”, “Энэ дурлал уу”, “Хараад баймаар” зэрэг дуугаараа сонсогчид сайн танина. “Тоонот” продакшныг хамтран үүсгэн байгуулагч, продюсер тэрбээр багаасаа шүлэг бичиж, дуу хийх сонирхолтой байсан гэдгээ ярив.

O.Z-ийн хэлснээр “Тоонот” рекордс нь төрөл бүрийн урсгалаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийг нэгтгэсэн онцлогтой. Реп жанраас поп хөгжим рүү орох болсон нь өөрийн зохиосон ая, үгийг өөрөө дуулж үзэх хүсэлтэй холбоотой байжээ. Түүний найз, хөгжмийн найруулагч М.Тэмүүжингийн санал нь энэ шийдвэрийг хэрэгжүүлэх түлхэц болсон гэнэ.

Хип хоп жанрыг тэр “сэтгэл татам хэрнээ нийгмийн амьдралыг хурц үгээр шүүмжилдэг, үргэлж өөрийгөө батлах шаардлагатай салбар” гэж тодорхойлдог бол поп, R&B урсгалд аялгуу, хоолойн өнгө, мэдрэмж чухал гэдгийг онцлов. Дууны үгээ ихэвчлэн шөнө бичдэг бөгөөд уран бүтээл эхлэх өдөр нь ердийнхөөрөө бус, өөр мэдрэмжээр эхэлдэг гэнэ.

O.Z-ийн сэтгэлд хамгийн тод үлдсэн тайз бол “Тоонот 21х21” аялан тоглолт. Харин “Хавтаст хэрэг 2” киноны дуу нь түүнд онцгой бүтээлүүдийн нэг бөгөөд мөр бүрийг залууст зориулж бичжээ.

Гэр бүлдээ зориулсан дууны тухайд тэр “Everytime”-ийг гэргийдээ зориулж, мөн өөрөө дуулсан анхны поп дуу болгон гаргасан гэдгээ хэлэв. Анхны цомгоо гар дээрээ авсан мөчийг тэр “цэвэр догдлол” гэж тодорхойлов.

Продюсерын хувьд O.Z дуучны онцлог, давуу талыг гаргахад төвлөрч, тэдний итгэлийг алдахгүй байхыг хамгийн чухалд үздэг. Өөрийгөө хамгийн сайн илэрхийлэх бүтээлээр “Fall in love” дууг нэрлэжээ. “Яг түүн шиг” шоу нь түүнд өөрийгөө сорих, шинэ өнцгөөс таниулах боломж болсон байна.

Өөрийгөө анх уулзсан хүмүүст даруухан мэт санагддаг ч, дотноссоны дараа нээлттэй болдог төрлийн хүн гэж тодорхойлсон O.Z “Дуу минь хүмүүсийн амьдралын жаргал, гуниг, завгүй, шархалсан мөчүүдэд хамт байж, дурсамж үлдээхийг хүсдэг” хэмээн ярьжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх