Монголын хип хопын домогт төлөөлөл болсон “Lumino” хамтлаг энэ сарын 16-нд буюу Бямба гарагт “Social pay park”-д түүхэндээ анх удаа бие даасан “The one” тоглолтоо толилуулах гэж байна. Энэхүү арга хэмжээгээ угтаж тэд хэвлэлийн бага хурал хийж, тайзны шийдэл, тоглолтын онцлог болон үзэгчдэдээ хүргэх шинэ мэдээллүүдээ дэлгэлээ.
“Тайз, дэлгэцийн гайхамшгийг нэгтгэнэ”
Хамтлагийн гишүүн Skitzo (Д.Анхбаатар) хэлэхдээ:
“Манай хамтлаг 27 жилийн түүхэндээ анх удаа хамгийн том тоглолтоо хийх гэж байна. Өнгөрсөн жилээс бэлтгэлээ эхэлсэн. Тоглолтын үеэр 44 дуу дуулна. Тайз, дэлгэцийг төгс хослуулсан тоглолт зохиохоор ажиллаж байгаа. Тайзыг Японы инженерүүд зөвлөж, бүтээсэн.”
Тэрээр мөн энэ удаад өмнөх тоглолтуудад хэрэглэж байсан хаалттай асрын оронд илүү нээлттэй, үзэгчдэд ойрхон шийдэл сонгосноо онцоллоо. Үзэгчид дуугаа өөрсдөө сонгон захиалах боломжтой бөгөөд зочин дуучин урихгүй, харин фан зуунд байрласан үзэгчид хамтран дуулна.
“44 дууны тал нь амьд хөгжимтэй”
Хамтлагийн өөр нэг гишүүн MCBEATZ (Д.Тэмүүжин) хэлэв:
“44 дууны талыг амьдаар дуулна. Үлдсэнийг нь DJ-тэй хамтарч тоглоно. Бид зочин уран бүтээлч урьж, халаалт хийхгүй. Харин Татар хамтлаг хамтарсан дуугаа дуулах гэж ирнэ.”
Тэрээр амьд хөгжмийн бүрэлдэхүүн ямар ч доголдолгүйгээр бүтэн хэмжээнд тоглохыг онцлоод, дахилтууд дээр гурван дуучин хамтарч дуулах талаар дурдлаа. Мөн тэдний анхны 10 дуутай пянз “Best of Lumino Vol.1” худалдаанд гарсан бөгөөд удахгүй “Vol.2” цуврал нь нэмэгдэнэ.
“Best of Lumino Vol.1” пянзанд багтсан дуунууд:
- Бүтэлгүй хайр
- Lumino энд гарч ирэв
- Ирээд буцсан хайр
- Зам
- Хүнийх
- Сэмбий
- Заримдаа
- Насан туршдаа
- GanjenJoo
Пянзны дуугаралтыг Германд тохируулсан нь чанарын хувьд онцлог болжээ.
“20-30 мянган үзэгчтэй түүхэн тоглолт”
Baji (Б.Батхишиг) хэлэхдээ:
“Манай хамтлаг олон тоглолт хийж байсан ч ийм хэмжээний үзэгчтэй нь анх удаа болно. 44 дууг зогсолтгүй тогловол дөрвөн цаг үргэлжилнэ. Тайзыг гурван талд байрлуулсан тул үзэгчтэйгээ илүү ойр байна.”
Тэрээр тоглолтод ивээн тэтгэгч оролцохгүй, харин “333 энтертайнмент”-тай хамтран нэг тэрбум төгрөгийн өртөгтэйгээр бүтээж байгааг ил тод хэллээ. Бэлтгэл ажлын хүрээнд зургаан сарын турш 800-1,000 хүн ажилласан байна.
Тоглолтын хуваарь:
- 15:00 – Үүд нээгдэнэ. Эхний 2,000 хүнд “Хэмнэл нэрэгч” цомог бэлэглэнэ.
- 20:00 – “Lumino” тайзнаа гарна.
- 00:00 – Тоглолт өндөрлөнө.
“Хэмнэл нэрэгч” цомгийг хоёр жилийн өмнө хэвлэсэн ч худалдаанд гаргаагүй бөгөөд энэ удаа зөвхөн тоглолтод ирсэнд зориулагджээ.