Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU: Asia-Pacific Broadcasting Union)-ны ерөнхий чуулган Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байна. 43 орны 250 гаруй төлөөлөгч оролцсон уг арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын урлаг, соёлыг олон улсад сурталчлах онцгой боломж болжээ.
ABU нь Ази, Номхон далайн бүс нутгийн телевиз, радио болон цахим мэдээллийн томоохон байгууллагуудыг нэгтгэсэн холбоо юм. Жил бүр тэд бүс нутгийн соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг харуулах зорилгоор олон улсын хэмжээний дууны наадам зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “ABU” олон улсын дууны наадам Улсын драмын эрдмийн театрын тайзнаа болж, Монгол Улсыг төлөөлөн “The Hu” хамтлаг амжилттай оролцов. Дэлхийд нэрээ цуурайтуулсан тус хамтлагийн тоглолт наадмын онцлох мөчүүдийн нэг болж, үзэгчдийн талархлыг хүлээсэн байна.
Ийнхүү Монгол Улс анх удаа ABU-гийн ерөнхий чуулганыг хүлээн авч, урлагийн томоохон наадмыг амжилттай зохион байгуулснаар бүс нутгийн соёлын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээв.