Нүүр хуудас КиноОуэн Купер: “Эмми”-гийн түүхэнд хамгийн залуу эрэгтэй шагналтан

Оуэн Купер: “Эмми”-гийн түүхэнд хамгийн залуу эрэгтэй шагналтан

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Лос-Анжелес хотод болж буй 77 дахь удаагийн “Эмми” наадам дээр Британийн залуу жүжигчин Оуэн Купер түүхэн амжилт байгууллаа. Тэрээр “Adolescence” богино хэмжээний цувралын дүрээрээ “Богино хэмжээний/антологи цуврал/киноны туслах дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртэж, “Эмми”-гийн түүхэнд энэ төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болж байна.

Одоо дөнгөж 15 настай Купер ердөө хэдхэн жилийн өмнө драмын ангид суралцаж эхэлсэн ч урлагийн замнал нь хурдтай ахиж буйг энэ амжилт баталлаа. Шагнал гардаж авахдаа тэрээр:
“Та бусдын үгийг сонсож, анхаарлаа төвлөрүүлж, өөрийн тухтай бүсээсээ гарч чадвал амьдралд юунд ч хүрч чадна гэдгийг өнөө оройны явдал нотлон харууллаа гэж би хувьдаа бодож байна. Би гурван жилийн өмнө хэн ч биш байсан. Харин одоо энд ингээд зогсож байна” хэмээн сэтгэл хөдөлгөм үг хэлжээ.

“Netflix”-ээр цацагдсан “Adolescence” цуврал нь нэгэн 13 настай хүү хүн амины хэрэг үйлдсэн хэргээр буруутгагдаж буй тухай өгүүлдэг бөгөөд зураг авалт нь тасралтгүй үргэлжилсэн онцлогтой. Уг бүтээл мөн “Богино хэмжээний/антологи цуврал/киноны шилдэг зохиол” төрөлд ч “Эмми”-гийн шагнал хүртсэн байна.

Телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Эмми” наадам энэ жил Лос-Анжелес хотын “Peacock” театрт болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Конкиран 15 сентября, 2025 - 13:20

Залуу хүн ийм том шагнал авах үнэхээр гайхалтай

Хариулах

Сэтгэгдэл үлдээх