Ази тивийн хүчтэнүүдийг нэгтгэсэн шоу
Дэлхийд нэр хүндтэй Netflix компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Гийн хамтран бүтээсэн “Physical 100” шоуны дараагийн цуврал болох “Physical Asia” нэвтрүүлэгт Монголын баг оролцохоор болжээ.
Netflix-ийн мэдээлснээр шинэ шоунд Монголын багийн хамтаар Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Индонез, Турк улсын багууд өрсөлдөх бөгөөд өнөөдөр оролцогчдын бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан байна.
Монголын багийн бүрэлдэхүүн
Монголын багийнхан энэ удаад спорт, урлагийн салбарын шилдэг төлөөллөөс бүрджээ. Тодруулбал Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, жүдогийн шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, Монгол Улсын гавьяат жүжчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцохоор болжээ. Тэдний оролцсон дугаар ирэх аравдугаар сарын эхний долоо хоногт үзэгчдэд хүрэх юм.
Бусад орны алдартнууд
Шоуны онцлог нь зөвхөн Монголын тамирчид бус олон улсын спортын супер одод ч өрсөлдөж буй явдал юм. Филиппиний багт мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Мэнни Пакьяо, Австралийн багт UFC-ийн дунд жингийн аварга асан Роберт Уайттакер, Тайландын багт муай тай боксын дэлхийн аварга Superbon, Японы багт холимог тулааны дэлхийн аварга асан Юшин Оками, Туркийн багт тосон барилдааны дөрвөн удаагийн аварга Рекеп Кара багтжээ. Харин БНСУ-ын багт холимог тулаанч асан Ким Дон Хюн, өвлийн олимпын аварга Юн Сүн Бин, “Physical 100”-ийн хоёрдугаар улирлын ялагч Амоти нар сонгогдон оролцож байна.
Өрсөлдөөн дүүрэн хүлээлт
“Physical Asia” шоу нь оролцогчдын хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг шалгахаас гадна Ази тивийн шилдэг тамирчдын тулаанаар илүү сонирхол татах бөгөөд үзэгчдэд мартагдашгүй өрсөлдөөнөөр дүүрэн адал явдлыг хүргэхээр болж байна.
