Монголын хип хоп урлагийн амьд домог болсон «Татар» хамтлагийн амьдрал, замнал, уран бүтээлд тулгуурласан уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж, анхаарал татаж байна. Тус бүтээлд хамтлагийн гол гишүүдийн нэг дуучин Жагаа буюу Ч.Жаргалсайханы дүрийг залуу жүжигчин Н.Түвшин бүтээсэн нь олны сонирхлыг төрүүлж байна.
Анхны кино, анхны гол дүр
Н.Түвшин энэ бүтээлээр жүжигчнийхээ мэргэжлээр анхны томоохон сорилттой нүүр тулсан тухайгаа хуваалцав.
“Киноны нээлт, гол дүр хоёр хоёулаа миний хувьд анхных. Гайхалтай ч бас бага зэрэг айдас төрүүлсэн. Үзэгчид, уран бүтээлчид, багш маань сайхан хүлээж авсан нь сэтгэл хөдөлгөм байлаа” гэж тэрээр онцоллоо.
Бодит хүний дүрийг бүтээх хариуцлага
Жагаа хэмээх бодит хүний дүрийг амилуулах нь жүжигчин залууд том хариуцлага, нарийн судалгаа шаардсан байна.
Тэрээр дүр дээр ажиллахдаа хамтлагийн түүх, дуунууд, сонины ярилцлага, CD зэрэг архив материалуудыг ашигласан бол хамтлагийн гишүүн Мөөгий түүний гол зөвлөгч байжээ.
“Зөвхөн дүрийг ойлгохоос гадна тухайн хүний зан чанарыг өөртөө шингээхийг хичээсэн” хэмээн Н.Түвшин дурдсан юм.
“Татар”-ын хөгжмөөр өссөн үеийн хөвгүүн
Тэрээр багадаа “Татар” хамтлагийн тухай сайн мэддэггүй байсан ч өсвөр насандаа “Бороо” дууг анх сонсож, үг цээжилж байсан сайхан дурсамжтай. Хожим нь өөрөө ч дууны үг бичихийг оролдож байжээ.
“Бусдын хайрыг хүндэл” — киноны гол санаа
Киноны нэгэн чухал санаа нь “Бусдын хайрыг хүндэл” гэсэн үгээр илэрхийлэгддэг.
“Хүн ойр дотныхноо гомдоох нь элбэг. Тиймээс энэ кино өсвөр үеийнхэн, залууст хамгийн их хэрэгтэй. Хайрын үнэ цэнийг ойлгуулах зорилготой” гэж тэрээр хэллээ.
Мэргэжлийнхээ төлөө бүхнээ зориулсан залуу
Жүжигчин болох хүсэл нь бага наснаас нь эхтэй. Тэрээр зурагтаар супер баатруудын кино үзэж өссөн бөгөөд дунд ангид урлагийн үзлэгт оролцсон нь сэтгэлд хоногшсон гэнэ.
“СУИС-д элсэн ороход гэр бүлийнхэн минь, багш нар минь намайг бүх талаар дэмжсэн. Миний анхны хослол, анхны гитар хүртэл дурсамж дүүрэн” хэмээн онцолсон юм.
Эсрэг дүр, адал явдалт кинонд өөрийгөө соримоор байна
Намтарчилсан кинонд тоглох мөрөөдлөө биелүүлсэн Н.Түвшин одоо эсрэг дүр болон адал явдалт төрлийн уран бүтээлд оролцохыг хүсэж байгаагаа илэрхийллээ.
“Багш маань надад хариуцлага хэмээх үгийг ойлгуулсан. Би дэлхийд Монгол жүжигчнээрээ танигдахыг, өөрийн хийж чадах зүйлээрээ үнэлэгдэхийг хүсдэг” гэж ярьсан юм.