Нүүр хуудас КиноБэд Банни 2026 оны “Super Bowl”-ын завсарлагын шоуг чимнэ

Бэд Банни 2026 оны “Super Bowl”-ын завсарлагын шоуг чимнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Албан ёсны зарлал

Пуэрто-Рикогийн алдарт дуучин Бэд Банни ирэх оны Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн (NFL) “Super Bowl”-ын завсарлагын шоуны гол тоглолтыг хийхээр сонгогдсон тухай зохион байгуулагчид есдүгээр сарын 29-нд мэдээлэв.

Хоёр дахь удаагийн оролцоо

Бэд Банни өмнө нь 2020 онд Шакира, Женнифер Лопез нартай хамт нэгэн тайзнаа гарч байсан бол энэ удаад ганцаараа тоглолтоо толилуулах гэж байна. Жинхэнэ нэр нь Бенито Антонио Мартинес Окасио хэмээх тэрбээр “Үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай мэдрэмж төрж байна. Энэ бол надаас өмнө уран бүтээлээ туурвиж байсан хүмүүст, миний ард түмэнд, миний соёл, миний түүхэнд зориулсан үнэлэмж юм” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн тэрээр испани хэлээр “Ve y dile a tu abuela, que seremos el halftime show del Super Bowl” гэж хэлсэн нь “Эмээдээ хэлээрэй, би Super Bowl-ын тайзнаа гарна” гэсэн утгатай байв.

Jay-Z ба Roc Nation-ийн оролцоо

Ирэх оны шоуг дахин зохион байгуулах эрхийг репэр Jay-Z-ийн үүсгэн байгуулсан “Roc Nation” компани авсан бөгөөд тус компани 2019 оноос NFL-тэй хамтран ажиллаж иржээ. Jay-Z энэ талаар “Бенитогийн Пуэрто-Рикогийн төлөө хийсэн, хийж байгаа зүйл нь үнэхээр их урам өгдөг. Бид түүнийг дэлхийн хамгийн том тайзан дээр гаргах гэж байгаадаа баяртай байна” гэж онцолсон байна.

Хүлээлт ба таамаг

“Super Bowl”-ын завсарлагын шоу нь спортын арга хэмжээнээс хальж, дэлхийн хамгийн том соёлын үйл явдлын нэг болжээ. Хэн тоглолтоо хийх нь жил бүр олон нийтийн таамаг, хүлээлтийг төрүүлдэг. Ирэх жил оролцох магадлалтай нэрсийн дунд Адель болон Тейлор Свифт нарын нэр багтсан бөгөөд NFL-ийн комиссар Рожер Гуделл энэ сарын эхээр “Бид Тейлорыг үргэлж хүсэж ирсэн. Тэр бол онцгой авьяастай нэгэн, түүнийг ямар ч үед баяртайгаар хүлээж авахад бэлэн” гэж ярьжээ. Свифттэй энэ талаар ярилцаж байгаа эсэхэд тэрбээр “магадгүй” гэж хариулсан нь олны анхаарлыг улам татсан байна.

Өмнөх амжилт ба шинэ хүлээлт

Энэ оны хоёрдугаар сард репэр Кендрик Ламар үзүүлбэрээ толилуулж, 127.7 сая гаруй үзэгч татсанаар бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон. Харин 2026 оны “Super Bowl” хоёрдугаар сарын 8-нд Калифорнийн Санта-Клара хотын “Levi’s” цэнгэлдэх хүрээлэнд болж, NBC сувгаар шууд дамжуулагдах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх