Монголын бүтээл дэлхийн тайзанд
98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд Монгол Улсыг төлөөлөх бүтээл тодорлоо. Үндэсний сонгон шалгаруулах хороо есдүгээр сарын 29-нд хуралдаж, өрсөлдсөн уран бүтээлүүдийг үнэлсний үр дүнд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (“Silent City Driver”) киног сонгосон байна.
Сонгон шалгаруулалтын явц
Хорооны бүрэлдэхүүнийг наймдугаар сард олон нийтэд нээлттэй зарлаж, гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг хүлээн авч байгуулжээ. Улмаар ирүүлсэн бүтээлүүдийг судалж, хэлэлцсэний эцэст “Чимээгүй хотын жолооч” бүтээл Монгол Улсыг төлөөлөх эрхтэй болсон юм.
Энэхүү сонголт нь Монголын кино урлаг олон улсын тавцанд ахин нэгэн томоохон алхам хийж байгаагийн илэрхийлэл боллоо. Одоо уг бүтээл “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад өрсөлдөж, цаашид дэлхийн кино ертөнцөд Монголын нэрийг таниулах боломж нээгдэж байна.