“Харри Поттер” цувралын зохиолч Жоан Роулинг цахим хуудсаараа жүжигчин Эмма Уотсоныг дахин хурцаар шүүмжилж, уучлах бодолгүй гэдгээ илэрхийллээ. Зохиолчийн энэ байр суурь нь олон нийтийн дунд маргаан дагуулж, тэдний харилцаа дахин анхаарлын төвд оров.
Маргаан нь 2020 онд эхэлсэн бөгөөд тухайн үед Эмма Уотсон Ж.К. Роулингийг “трансофоби”-той гэж буруутгасан юм. Уотсон өөрөө трансжендер хүмүүсийг дэмждэг бөгөөд тэдэнд ээлтэй бодлого, үзэл сурталд нээлттэй ханддаг гэдгээрээ олон нийтийн дэмжлэг авдаг. Харин “трансофоби” гэдэг нь трансжендер хүмүүсийг үл ойлгож, сөрөг ханддаг байдал юм.
Саяхан Эмма Уотсон хэвлэлд өгсөн ярилцлагадаа Роулингийг “хүндэлж, хайрласаар байгаа” гэж мэдэгдсэн нь зарим шүтэн бишрэгчдэд тэдний харилцаа зөөлөрч магадгүй гэсэн найдвар төрүүлсэн. Гэвч зохиолч сошиалаар хариу өгч, түүнийг уучлах бодолгүй, маргаан дуусаагүй гэдгийг дахин нотолжээ.
Энэхүү үл ойлголцол нь зөвхөн Роулинг болон Уотсон хоёрын харилцааг бус, “Харри Поттер”-ын фенүүдийн дунд ч талцал үүсгэсээр байна. Зарим нь Роулингийн үзэл бодлыг хамгаалдаг бол бусад нь Эмма Уотсоныг дэмжсээр байгаа юм.