Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей улс төрийн дарамт, эдийн засгийн хямралын дунд рок тайз руу эргэн гарч, дэмжигчдийнхээ өмнө тоглолт хийлээ. Өнгөрсөн даваа гаригийн орой Буэнос-Айресын “Movistar Arena”-д болсон энэхүү арга хэмжээнд хэдэн мянган хүн оролцсон бөгөөд ерөнхийлөгч арьсан хүрэмтэй, гартаа микрофонтой гарч ирж, 1980-аад оны рок дуунуудаа дуулжээ.
“Би зүгээр л хүн” — Милейгийн шинэ дүр
Тоглолтын үеэр тэр үзэгчдэд хандан:
“Би энгийн нэгэн хүн. Тийм санагдахгүй байж болох ч би зүгээр л хүн,”
хэмээн хэлжээ.
Хөгжмийн тоглолтын төгсгөлд тэрбээр улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Милейг ерөнхийлөгч болохоосоо өмнө “Rolling Stones” хамтлагийн дууг дуулдаг хүндэтлэл үзүүлэгч хамтлагийн гишүүн байсан гэдгийг тэр бүр хүн мэддэггүй.
Эдийн засгийн хямрал ба нэр хүндийн уналт
2023 онд эрх мэдэлд гарсан Милей Аргентины нуранги байдалд орсон эдийн засгийг сэргээж, “төрийн тансаглалыг зогсооно” гэж амлаж байсан. Эхний саруудад инфляци буурч, олон улсын зээлдүүлэгчид түүнийг магтаж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл “Аргентиныг дахин агуу болго” хэмээн дэмжиж байв.
Гэвч сүүлийн саруудад нөхцөл байдал огцом доройтжээ — песо валютын ханш унаж, төрийн сан улайсан. Түүний нам Буэнос-Айресын орон нутгийн сонгуульд ялагдаж, ойрын холбоотон Хосе Луис Эсперт хар тамхины наймаачнаас мөнгө хүлээн авсан хэрэгт холбогдсон бол, дүү Карина Милей ч авлигын мөрөөр шалгагдаж эхэлсэн байна.
Иргэдийн хуваагдсан байр суурь
Олон аргентиночуудад Милейгийн “шинэчлэгч” дүр төрх бүрэн алдагдсан гэж улс төрийн шинжээчид дүгнэж байна. Тэтгэвэр, боловсрол, эрүүл мэндийн төсвийг танах бодлого нь эхэндээ үр дүнтэй мэт харагдсан ч энгийн иргэдийн амьдралд хүнд цохилт өгчээ.
Улс төрийн зөвлөх Факундо Нежамкис “Түүний засгийн газар гайхамшгуудын тухай ярьдаг ч, ард иргэд өдөр тутмын амьдралдаа тэр гайхамшгуудыг олж хардаггүй. Энэ тоглолт бол иргэдийн сэтгэлийг татах гэсэн улс төрийн жүжиг” хэмээн шүүмжилжээ.
Гэсэн ч рок тоглолтод оролцсон олон үзэгч ерөнхийлөгчөө хамгаалсан байр суурьтай байв. Жижиг бизнес эрхлэгч Оскар Осарио “Улс орон хүнд нөхцөлд байгаа ч бид түүнд дахин боломж өгөх ёстой” гэж хэлсэн бол, 27 настай оюутан Эмануэль Лакуадра “Энэ бол түүхэн мөч. Зөвхөн Аргентины төдийгүй дэлхийд” хэмээн онцолжээ.
Трамп мөн Милейг дэмжиж, Аргентинд 20 тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн бөгөөд “Би Милейд итгэж байна. Дэмжих болно” гэж хэлсэн байна.