Нүүр хуудас УрлагБи хэзээ ч үхлээс айж байгаагүй: Жон Леннон 85 нас хүрэх байлаа

Би хэзээ ч үхлээс айж байгаагүй: Жон Леннон 85 нас хүрэх байлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

2025 оны аравдугаар сарын 9-нд дэлхийн хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Жон Леннон 85 нас хүрэх ёстой байлаа. “The Beatles” хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин, ая зохиогч, энх тайвны төлөө тэмцэгч тэрээр 1940 оны энэ өдөр Английн Ливерпуль хотод төрсөн юм.

Хүүхэд нас ба эхлэл

Жон далайчны гэр бүлд төрсөн ч аав ээж нь салсан тул бага наснаасаа авга эгч Мими Смитийнд өсчээ. Тэр аавтайгаа 20 жилийн турш холбоо бариагүй бөгөөд энэ нь түүний амьдралын хамгийн эмзэг дурсамжуудын нэг байв.

“Миний амьдралд таван эмэгтэй байсан. Тэд бүгд хүчирхэг, ухаантай, үзэсгэлэнтэй. Нэг нь миний ээж. Тэр амьдралд хөлөө олохдоо муу байсан. Би түүний эгчийнд амьдрах болсон юм.” — Жон Леннон

1956 онд Леннон ээжээсээ мөнгө зээлж анхны гитараа авчээ. Гэвч хоёр жилийн дараа ээж Жулия Леннон ослоор амиа алдсан нь түүнийг гүн сэтгэлийн хямралд оруулсан юм. Энэ үеэс тэр архи ууж, зодоон хийдэг болж, хичээлдээ муудаж, эцэст нь Ливерпулийн хөгжмийн коллежоос хөөгджээ.

The Beatles-ийн мандан бадрал

Жон, Пол Маккартни, Жорж Харрисон, Стюарт Сатклифф нар хамтлагаа “The Beatles” гэж нэрлэж, дараа нь бөмбөрчин Ринго Стар нэгдэн бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн. Тэдний бүтээлүүд дэлхий даяар цуурайтаж, 1960-аад оны хөгжмийн түүхийг өөрчилсөн юм.

Харин 1969 онд Жон хамтлагаасаа гарч, дараа жил нь “Let It Be” хэмээх сүүлийн цомог худалдаанд гарсан нь нэгэн эрин үеийн төгсгөл болсон.

Йоко Оно ба улс төрийн идэвх

Леннон эхнэр Йоко Онотой хамт хөгжмийн уран бүтээлээ үргэлжлүүлж, энх тайвны хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв. АНУ-ын засгийн газар тэднийг улс төрийн үйл ажиллагаанд хэт оролцлоо хэмээн буруутгаж, орноос нь албадан гаргах оролдлого хүртэл хийж байжээ.

Гайхамшигт замналын гашуун төгсгөл

1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд шүтэн бишрэгч Марк Чепмен Жон Ленноныг Нью-Йоркт буудан хороосон нь дэлхий нийтийг цочирдуулсан. Дөрөв хоногийн дараа дэлхий даяар шүтэн бишрэгчид нь 10 минутын турш чимээгүй зогсож, түүнийг дурсан хүндэтгэл үзүүлжээ.

“Би хэзээ ч үхэхээс айж байгаагүй. Миний хувьд үхэл бол нэг машинаас буугаад нөгөө машинд суухтай л адил.” — Жон Леннон

Түүний хэлсэн энэхүү үг өнөөдөр ч хөгжмийн хорхойтнуудын зүрхэнд үлдсэн хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Кобланчи 9 октября, 2025 - 17:12

Түүний амьдралын түүхийг дахин уншихад сэтгэл хөдөлдөг

Хариулах
Элбег 9 октября, 2025 - 17:24

Жон Леннон бол жинхэнэ урам зориг өгдөг хүн шүү

Хариулах

Сэтгэгдэл үлдээх