Нүүр хуудас Уран сайханЭйнштейний хийлийг 860 мянган фунт стерлингээр худалдав

Эйнштейний хийлийг 860 мянган фунт стерлингээр худалдав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй эрдэмтдийн нэг Альберт Эйнштейний хийл Английн Глостершир мужийн “Dominic Winter Auctioneers” дуудлага худалдаанд 860 мянган фунт стерлингээр зарагджээ.

300 мянгаас 1 сая фунт хүртэл өссөн үнэ

1894 онд бүтээгдсэн Зунтерерийн хийл нь Эйнштейний анхны хөгжим байсан гэж үздэг бөгөөд худалдаанд гарахаас өмнө 300 мянган фунт стерлингийн үнэд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байсан. Гэвч дуудлага худалдаанд үнэ нь 860 мянгад хүрч, шимтгэлтэй нийлээд нийт үнэ 1 сая фунт стерлингээс давсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь “мэргэжлийн хөгжимчин эзэмшиж байгаагүй хийлийн хувьд тогтоогдсон хамгийн өндөр үнэ” болжээ. Өмнөх дээд амжилтыг “Титаник” кинонд ашиглагдсан хийл эзэмшиж байсан байна.

“Онцгой үйл явдал”

“Dominic Winter Auctioneers”-ийн түүхэн дурсгалт эд зүйлсийн ахлах шинжээч Крис Альбери худалдааг “онцгой үйл явдал” хэмээн тодорхойлжээ. Түүний хэлснээр дуудлага худалдаа 10 орчим минутын дотор дууссан бөгөөд утсаар гурван худалдан авагч идэвхтэй оролцсон байна.

“Эйнштейн хөгжимд дуртай гэдгийг олон хүн мэддэггүй. Тэр ‘Хэрвээ эрдэмтэн болоогүй бол хөгжимчин болох байсан’ гэж үргэлж хэлдэг байв. Хийлийг дөрвөн настайгаасаа сурч эхэлсэн тэрээр насан туршдаа өдөр бүр тоглодог байсан”
— гэж К.Альбери BBC-д ярьжээ.

Түүхэн гарал ба өвлүүлэлт

Эйнштейн эдгээр хөгжим болон хувийн зүйлсээ 1932 онд физикч найз Макс фон Лауэд бэлэглэжээ. Тухайн үед тэрээр Германд газар авсан нацизм, антисемитизмээс зугтан АНУ руу дүрвэхийн өмнөхөн байсан юм.

Хожим фон Лауэ эдгээр эд зүйлсийг 20 жилийн дараа Эйнштейний шүтэн бишрэгч Маргарета Хоммрихтэд өгч, одоо түүний ач охин эдгээрийг дуудлага худалдаанд тавьжээ.

Мөн Эйнштейний дугуйн суудал энэ удаад зарагдаагүй тул дахин үнэ хаялцуулалт явуулах төлөвтэй байна.

Сонирхуулахад, Эйнштейний өөр нэг хийл 2018 онд Нью-Йорк хотын дуудлага худалдаанд 516,500 ам.доллароор зарагдаж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх