Шоуны ертөнцөд Монголын авьяас гэрэлтэж байна
Казахстаны «Jibek Joly» телевизийн зохион байгуулж буй «Silk Way Star» олон улсын төсөлд Евроазийн 12 орноос шилдэг уран бүтээлчид өрсөлдөж байна. Монгол Улсаас дуучин Ж.Мишээл амжилттай оролцож байгаа нь онцлох үйл явдал болжээ.
Энэ төсөл нь тухайн бүс нутгаас дэлхийн хэмжээний од авьяастан төрүүлэх гол зорилготой бөгөөд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Киргиз, БНХАУ, Малайз, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан, БНСУ-ын уран бүтээлчид оролцогчоор сонгогдсон байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 20-ноос эхлэн олон нийтэд хүрч эхэлсэн ба долоо хоног бүрийн Бямба гарагт шинэ ангиа цацаж, нийт 10 долоо хоногийн турш үргэлжилнэ. Оролцогчдод оноо өгөхдөө нийлбэр дүнг харгалзан үнэлгээ хийдэг тул уран бүтээлчид тогтмол өрсөлдөж, дээшээ тэмүүлэх боломжтой.
Эхний анги: Монголын сонгодог дууны хүч
Дуучин Ж.Мишээлийн хувьд шоуны эхний ангид тэрээр Монголын алдартай сонгодог дуу болох «Бундан улаан»-г сонгон дуулж, шүүгчдээс 104 оноо хүртээд амжсан. Энэ амжилтаараа тэрээр оролцогчдын дунд дөрөвдүгээр байрт жагсаж, анхны алхмаа бат бөх тавьсан юм.
Хоёрдугаар анги: Олон улсын хитээр гайхшируулав
Хоёрдугаар ангид Ж.Мишээл алдарт дуучин Бруно Марсын хит болох «Uptown Funk» дууг сонгож, гайхалтай гүйцэтгэл үзүүлсэн. Үүний үр дүнд 118 оноо авч, гуравдугаар байранд оржээ. Энэ нь түүний олон улсын хөгжмийн ертөнцөд дасан зохицох чадварыг харуулсан чухал мөч байв.
Гуравдугаар анги: Казахстаны дууны өрсөлдөөн
Гуравдугаар ангид оролцогчид Казахстаны дуугаар өрсөлдөх тусгай даалгавартай байсан. Ж.Мишээл залуу дуучин Ayau-гийн 2023 онд гаргасан «sybyrlaiyn» дууг сонгож, олонд танилцуулсан байна. Энэ гүйцэтгэлээрээ БНХАУ-ын дуучин Жан Хе Шуантай хамт 108 оноо авч, хоёрдугаар байрыг эзэлжээ.
Дөрөвдүгээр анги: Хятадын дуугаар тэргүүлсэн гайхамшиг
Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагийн дөрөвдүгээр ангид уран бүтээлчид өөрсдийн сонгосон дуугаа тухайн орны хэлээр дуулах даалгавартай байв. Ж.Мишээл «Wu Niang» хэмээх алдартай хятад дууг сонгож, гайхалтай дуулсан байна. Үүгээрээ Малайзын дуучны хамтаар 120 оноо хүртсэн бөгөөд энэ ангид оролцогчдоо тэргүүлжээ.
Нийлбэр дүн: Шилдэг гурвын өрсөлдөөн ширэг
Ингээд дөрвөн ангийн дараа нийтлэг онооны хуваариар Казахстаны дуучин Алем 470 оноогоор тэргүүлж байгаа бол Монголын дуучин Ж.Мишээл болон Малайзын дуучин Язмин Азиз нар 450 оноогоор тэнцүү нэхэж, ширэг барина.
Сонирхуулахад энэхүү нэвтрүүлгийн өндөрлөг, сүүлийн дугаар арваннэгдүгээр сарын 22-нд цацагдах бөгөөд ялагчийг тодруулна.
2 сэтгэгдэлүүд
Үнэхээр авьяаслаг дуучин, бахархмаар амжилт гаргаж байна
Монгол уран бүтээлчид олон улсын тавцанд гарч ирж байгаад баяртай байна