Монголын баг хүч, ур чадвараар дэлхийн тавцанд өрсөлдөж байна
Ази, Номхон далайн бүс нутгийн найман улсын шилдэг тамирчид оролцож буй “Physical: Asia” шоу Netflix платформ дээр албан ёсоор нээлтээ хийлээ. Нийт 12 бүлэгтэй уг шоуны эхний дөрвөн бүлэг өчигдөр үзэгчдийн хүртээл болсон байна.
Монгол Улсаас дараах хүчтэнүүд үндсэн бүрэлдэхүүнд оролцож байгаа юм:
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн
- Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир
Сэлгээний бүрэлдэхүүнд хүчтэн, уран нугараач хоёр
Шоуны дүрмийн дагуу үндсэн оролцогч гэмтэл авсан тохиолдолд орлох сэлгээний бүрэлдэхүүн ажиллах бөгөөд Монголын талаас улсын заан М.Лхагвагэрэл, уран нугараач О.Цэцэглэн нар багтсан гэж Spark Agency Mongolia мэдээллээ.
“Physical: Asia” шоу нь тамирчдын биеийн хүч, сэтгэлийн тэсвэр, багаар ажиллах чадварыг сорьдог спорт, уран сайхны элемент хосолсон тэмцээн юм. Монголын багийн оролцоо олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж, эхний цувралаас л хүчирхэг өрсөлдөгчид гэдгээ харуулж байна.
