Хаан Чарльз III хөлбөмбөгийн домогт баатрыг хүлээн авчээ
Их Британийн хаан Чарльз III хөлбөмбөгийн домогт тоглогч Дэвид Бекхэмийг 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний мягмар гарагт Виндзорын шилтгээнд хүлээн авч, түүнийг “Хүлэг баатар” цолоор шагнав. Өдгөө 50 настай Бекхэм нь спорт болон буяны салбарт оруулсан томоохон хувь нэмрийнхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Ёслолын дараа тэрбээр “Энэ бол миний амьдралын хамгийн бахархалтай мөчүүдийн нэг. Лондонгийн зүүн хэсэгт төрсөн нэгэн хүү Виндзорын цайзад уригдаж, дэлхийн хамгийн хүндэтгэлтэй байгууллагаас шагнал хүртэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би карьерынхаа туршид маш их азтай байсан ч энэ мөч бүхнийг давлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Мөн тэрбээр хааны хувцас загвараас олон жилийн турш урам авдаг байсан тухайгаа дурсаж, “Би хааны залуу байх үеийн зургуудыг хараад эхнэртээ яг ингэж хувцасламаар байна гэж хэлдэг байсан” хэмээн инээд хөөртэй дурсан ярьсан байна.
Бекхэмийн спорт ба буяны үйлсийн замнал
Дэвид Бекхэм Английн шигшээ багийг төлөөлөн 115 тоглолтод оролцож, дөрвөн өөр улсын лигийн аварга болж байсан билээ. Түүний карьерын оргил үед хатан хаан Элизабет II түүнд Британийн эзэнт гүрний одон (OBE)-ийн офицер цол олгож байсан бөгөөд 20 жилийн дараа тэр дахин Виндзорын шилтгээнд урилгаар ирж, илүү өндөр хүндэтгэл болох “Хүлэг баатар” цолоор шагнагдлаа.
2013 онд мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайлсан Бекхэм НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчээр ажиллаж байгаа бөгөөд 2015 онд тэрбээр Эбола зэрэг халдварт өвчнөөр өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд туслах зорилготой “7” санг байгуулсан юм. Энэхүү сангийн нэр нь Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд байх үеийн түүний өмсдөг дугаараас сэдэвлэгдсэн байдаг.
2018 онд тэрээр АНУ-ын Флорида мужид “Интер Майами” хөлбөмбөгийн клубыг байгуулж, дээд лигт оролцож эхэлснээр спортын ертөнцөд дахин эргэн ирсэн билээ. Мөн өнгөрсөн онд Бекхэм Хааны сангийн элч төлөөлөгчөөр томилогдон, зөгийн аж ахуй болон байгаль хамгааллын асуудлаар хаан Чарльз III-тай хамтран ажиллаж эхэлсэн юм.
Түүнтэй хамт ёслолд Япон гаралтай зохиолч, кино зохиолч Казуо Ишигуро болон Вест Энд, Бродвейн нэрт жүжигчин Элейн Пейж нар шагнал хүртжээ.
