Өмнөд Солонгосын 22 настай юүтүбэр охин өөрийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа олон нийтэд ил тод хуваалцаж, тус улсын цахим орчинд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүний зоригтой мэдэгдэл #MeToo хөдөлгөөнийг дахин идэвхжүүлж, олон хохирогчийн дуу хоолойг нэгтгэх шалтгаан болж байна.
“Энэ бүхнийг хэлэхэд надад маш их хугацаа шаардсан”
Юүтүбэр охин өөрийн сувгандаа “Энэ бүхнийг хэлэхэд надад удаан хугацаа шаардагдсан” гэсэн нэртэй бичлэг нийтэлж, 2024 оны тавдугаар сарын 23-нд таксины жолоочийн халдлагад өртсөн аймшигт үйл явдлынхаа талаар нулимстайгаар ярьсан байна.
Тэрээр “Шөнийн хоёр цагийн үед нийтийн тээвэр зогссон тул таксинд суусан. Би согтуу байсан учраас арын суудалд ухаангүй хэвтэж байтал, ухаан ороход жолооч байрны зогсоолд намайг хүчиндэж байлаа. Энэ бол аймшигтай, маш их өвдөлттэй мөч байсан” хэмээн хэлжээ.
Тэрээр мөн “Гэмт хэрэг үйлдсэн хүн нь би биш ч гэсэн яагаад ч юм би бусдаас нуугдах ёстой юм шиг санагдсан. Хүмүүс намайг өрөвдөхөөс илүү хүчтэй байгаасай гэж хүссэн” гэж ярьсан байна.
Сэтгэлзүйн шарх ба биеийн гэмтэл
Хүчирхийлэлд өртсөний дараа тэрээр жил гаруй хугацаанд эмэгтэйчүүдийн эмчид хандсан бөгөөд сэтгэл гутрал, айдас, нойргүйдэл зэрэг сэтгэлзүйн гүн хямралд орсон тухайгаа хуваалцжээ. Мөн өнгөрсөн наймдугаар сард амиа хорлохыг оролдсон хэмээн нулимс унагаан хэлсэн байна.
#MeToo_2025 хөдөлгөөн дахин өрнөв
Түүний бичлэг нийтлэгдсэний дараа ердөө 24 цагийн дотор 1.5 сая үзэлт авч, цахим сүлжээнд хүчтэй дуу хоолой болон түгсэн байна.
#METOO_2025, #StandWithKwakHyeolSoo, #MyStoryIsResistance зэрэг hashtag-ууд Twitter/X орчинд трэнд болж, олон эмэгтэй өөрийн түүхийг зоригтойгоор хуваалцаж эхэлжээ.
Үүний зэрэгцээ иргэд болон хүний эрхийн байгууллагууд бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагыг уриалж эхэлсэн байна.
Гэмт этгээдэд оноосон ял
Таксины жолоочид холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэж, 2025 оны есдүгээр сард тэнсэн харгалзах ял оноожээ. Энэ шийдвэр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, “шударга ёсыг бэхжүүлэх хатуу бодлого хэрэгтэй” гэх хэлэлцүүлгийг дахин өдөөсөн байна.