Нэтфликсийн дэлхийг байлдан дагуулж буй “Physical: Asia” шоуны сүүлийн гурван анги өнөөдөр цацагдаж, үзэгчид аварга багийг хэн болохыг эцэслэн мэдэх гэж байна.
Өмнөх дугаарт дөрөвдүгээр шатны “олсны буухиа” сорилыг Японы баг тэргүүлснээр тавдугаар шатанд шууд шалгарч, финалын өмнөх гол өрсөлдөгчийн байр сууриа баталгаажуулсан. Харин Монгол, Өмнөд Солонгос, Австралийн багууд үлдэж, хамгийн аймшигтай сорилын нэг гэгдэж буй “үхлийн тулаанд” хоорондоо хүч үзэхээр болсон.
“Үхлийн тулаан”: 1,200 кг ачааг 100 удаа эргүүлэх сорил
Шоуны шүтэн бишрэгчдийн “үхлийн тулаан” хэмээн нэрлэж буй энэ шатанд гурван улсын баг 1,200 кг жинтэй баганыг богино хугацаанд 100 удаа эргүүлэх даалгавартай. Ачааны жин, хөдөлгөөний давтамж, хугацааны хязгаар зэргээс шалтгаалан энэ нь шоуны туршид хамгийн хүнд сорилуудын нэгээр нэрлэгдэж байгаа юм.
Энэ шатны дүрмийн дагуу гурван багийн нэг нь тэмцээнээс шууд хасагдаж, үлдсэн хоёр нь Японы багтай хамт тавдугаар шат руу шилжинэ. Ийнхүү “үхлийн тулаан” нь зөвхөн хүч тэвчээр төдийгүй сэтгэлзүй, багийн зохион байгуулалт, хуваарилалтыг шалгах шийдвэрлэх мөч болох нь тодорхой.
Тавдугаар шат – “Цайзыг эзлэх”: стратеги, эв нэгдлийг шалгах үе
Эх сурвалжуудын мэдээлснээр гурван улсын баг өрсөлдөх тавдугаар шат “Цайзыг эзлэх” нэртэй тэмцээн байх аж. Энэ шат нь булчин шөрмөснөөс гадна багийн тактик, харилцаа, эв нэгдлийг сорихоороо онцлог гэгдэж байна.
Багууд онооны төлөө бус амьд үлдэхийн төлөө өрсөлдөнө. “Цайзыг эзлэх” тэмцээний төгсгөлд нэгдүгээр байрт орсон хоёр баг л цааш явж, нэг нь тэмцээнээс бүр мөсөн хасагдана. Ийнхүү үзүүр, түрүүний өмнөх хамгийн том шүүлтүүр нь зөвхөн хүч чадал бус, багийн тоглолтын уялдаа, итгэлцэл болохыг шоуны бүтээгчид онцолж байна.
Финал: гурван экстрим сорилоор аварга тодорно
“Цайзыг эзлэх” шатнаас амьд гарсан хоёр баг үзүүр түрүүгийн төлөө гурван экстрим сорилд хүч үзэж, эцсийн аваргыг тодруулна. Эдгээр тэмцээний нарийвчилсан дүрэм, хэлбэрийг нууцалсан хэвээр байгаа ч өмнөх шатнуудын ачаалал, концепцээс харахад:
– тэсвэр тэвчээр,
– хүч ба техник,
– сэтгэлзүйн хат, эргэн босох чадвар
гурвыг нэг дор хослуулсан шийдвэрлэх сорилууд байх нь дамжиггүй.
Ингээд өнөөдрийн сүүлийн гурван ангид үзэгчид зөвхөн аварга багийг хэн болохыг мэдэхээс гадна, аль баг хамгийн хүчтэй, хамгийн ухаалаг, хамгийн нягт эв нэгдэлтэй байж чадсаныг олж харах болно.

