Нүүр хуудас Уран сайханPHYSICAL: ASIA | Өмнөд Солонгос шүүмжлэл дунд аваргалав

PHYSICAL: ASIA | Өмнөд Солонгос шүүмжлэл дунд аваргалав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Netflix-ийн хамгийн их үзэлттэй шоу нэвтрүүлгүүдийн нэг болсон Physical: Asia-гийн аварга тодорч, ялагчаар зохион байгуулагч орон болох Өмнөд Солонгосын баг шалгарлаа. Биеийн хүч, тэсвэр хатуужил, стратеги сэтгэлгээ хосолсон энэ шоу дуусмагц цахим ертөнцөд томоохон маргаан дэгдэж, Солонгосын багийн ялалтын талаарх шүүмжлэл намжихгүй байна.

Өмнөд Солонгосын ялалт ба шударга байдлын маргаан

Шоуны сүүлийн шатанд Солонгосын баг түрүүлж, 1 тэрбум воны эзэн болсон ч олон орны үзэгчид энэ үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ. Ялангуяа сошиал платформууд дээр “зохион байгуулагч орон заавал ялах ёстой байсан”, “түрүүлэх нь урьдчилан тодорхой байлаа” гэх сэтгэгдлүүд олноор бичигдэж, нэвтрүүлгийн шударга байдалд эргэлзэх хандлага давамгайлав.

Тэмцээний турш харагдсан биеийн ачаалал, сорилтууд, багуудын үзүүлсэн хүчин чармайлтыг үнэлж байгаа ч финалын шатны тодорхой хэсгүүд, тэр дундаа шийдвэрлэх мөчүүдийн үеийн гүйцэтгэл, дүрэм хэрэгжилт, шүүлтийн талаарх асуултууд хариулт нэхсээр байна.

“Тэд булхайцсан уу?” – Сошиал дахь халуун маргаан

Интернет орчинд өнөөдөр хамгийн их давтагдаж буй асуулт бол: “Тэд булхайцсан уу?” гэх асуулт. Олон улсын үзэгчид, түүний дотор Солонгос, Япон, Монгол болон бусад орны фэнүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

Сэтгэгдлүүдээс жишээ татвал:
“Солонгосын баг тэмцээнийг зохион байгуулж байгаа учраас ялах нь тодорхой байсан”,
“Би Япон хүн. Ялагдлаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Монголын баг жинхэнэ ялагчид байсан”,
“Монгол, Японы баг зургуулаа нийлж хүнд жинтэй мод өргөж байсан. Тэр модыг тийм ч амархан өргөж чадахгүй байгаагаа ч хэлж байсан. Гэтэл хоёр Солонгос эмэгтэй яаж тийм хүнд модыг хоёулхнаа өргөж чадав аа?, Солонгосчууд ялахын тулд тоглоомыг өөрсдийн талд урвуулан ашигласан бололтой”
хэмээн шүүмжилжээ.

Эдгээр бодит үзэгчдийн сэтгэгдэл нь шоуны финалын үеийн зарим даалгаврын гүйцэтгэл, боломжит давуу тал, зохион байгуулалтын нөлөөнд эргэлзэх сэдлийг улам хүчтэй болгож байна.

Монголын баг – үзэгчдийн нүдэнд “жинхэнэ ялагчид”

Албан ёсны дүнгээр түрүүлээгүй ч Монголын баг тамирчид олон улсын үзэгчдээс онцгой хүндлэл, хайр хүлээж байна. Биеийн хүч, сэтгэлийн тэвчээр, багийн эв найрамдал, шударгаар өрсөлдсөн төлөвшлөөрөө тэд Physical: Asia-гийн гол одуудын нэг болж чадсан гэж үзэгчид дүгнэж байна.

Сошиал орчинд Монголын багийг “харахад үнэнч, шударга, ямар ч шоуны найруулгагүйгээр хайрлагдсан баг” гэж тодорхойлж, “жинхэнэ түрүү авсан мэт санагдсан” хэмээх олон мянган сэтгэгдэл хөвөрч байна.

Монгол тамирчдын тууштай оролдлого, бусад багтай хамтран ажилласан мөчүүд, эмэгтэй, эрэгтэй гэлтгүй ижил түвшний хүч, хариуцлага гаргасан нь дэлхийн үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээжээ.

Physical: Asia брэндийн дараагийн алхам

Шүүмжлэл шуугиантай зэрэгцэн Physical: Asia шоуны форматын амжилт цааш үргэлжилнэ. Өмнөх “Physical: 100” хувилбарын уламжлалыг үргэлжлүүлсэн энэ төсөл Америк, Итали зэрэг орнуудад өөрийн хувилбартайгаар хэрэгжихээр бэлтгэл ажлаа хэдийнэ эхлүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт шоу 2.5 сая гаруй үзэлт авч, Netflix-ийн Дэлхийн шилдэг 10 гадаад хэл дээрх телевизийн шоу жагсаалтын 8-д бичигдсэн байна. Нээлтээ хийснээс хойш дараалан гурван долоо хоногийн турш шилдэг байр сууриа хадгалж байгаа нь энтертайнмент зах зээл дээрх нөлөө, сошиал орчны шуугиан хоёрыг зэрэг хэмжих шалгуур болж байна.

Ялагчийн үг – туг, нэр хүндийн тухай

Албан ёсны аваргын тухай ярихдаа Өмнөд Солонгосын багийн гишүүд ялалтаа зөвхөн мөнгө, алтан медальтай холбосонгүй. Тэд:

«Бидний хувьд алтан медалис илүү үнэ цэнтэй зүйлээ хамгаалж чадлаа. Бид улсынхаа тугийг хамгаалж чадлаа»

хэмээн хэлж, төрийнхөө нэр хүнд, тугийг хамгаалсан сэтгэлийн үнэ цэнийг онцолсон юм.

Гэвч дэлхий даяар өрнөж буй шүүмжлэл, ялагчийг хэн байх ёстой байсан тухай маргаан Physical: Asia-г ердөө нэг шоу бус, спорт, энтертайнмент, шударга өрсөлдөөний талаарх том хэлэлцүүлгийн сэдэв болгоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх