“Туг пикчерс” кино компани, “VOO” платформын хамтын шинэ уран бүтээл болох “Ангарагийнхан” инээдмийн олон ангит кино албан ёсоор нээлтээ хийлээ. Монгол гэр бүлийн өдөр тутмын амьдрал, үл ойлголцол, хайр, хэрүүл маргааныг нэгэн зэрэг хөнгөн, хөгжилтэй өнгө аястайгаар харуулах энэ төсөл 34 ангитай бөгөөд орчин үеийн хотын айлын амьдралыг бодитод ойр мэдрэмжээр үзүүлэх зорилготой.
Дэлхийд туршигдсан форматыг монгол үзэгчдэд тохируулан бүтээв
“Ангарагийнхан” олон ангит нь Израилын “United Studios” компанийн алдарт “La famiglia” цувралын албан ёсны лицензтэй хувилбар юм. Уг формат өмнө нь дэлхийн 11 улсад амжилттай хэрэгжиж, тухайн орны соёл, гэр бүлийн онцлогт тааруулан дасан зохицуулагдсан байдаг. Одоо энэ амжилттай загвар монгол хувилбараар төрөн гарч, манай үзэгчдэд хүрч байна.
Киноны ерөнхий найруулагчаар МУСТА С.Баттулга ажиллаж, зураг авалт гурван сарын турш үргэлжилсэн байна. “Монгол кино үйлдвэр” студид тусгай павильон байгуулж, бодит гэрийн уур амьсгал шингээсэн интерьер, орчинг шинээр бүрдүүлснээр нэгэн айлын байшинд болж буй үйл явдал мэт мэдрэмж төрүүлэхээр шийджээ.
Гэр бүл салалт, харилцааны эмзэг сэдвийг инээдмийн хэлбэрээр хөндөнө
Энэхүү төслийн гол цөм нь монгол гэр бүлийн харилцаа, салалт, хүүхдүүдийн сэтгэл зүй, хосуудын үл ойлголцлыг шууд сургаал маягаар бус инээдмийн, хөнгөн хэлбэрээр хүргэж, үзэгчийг нэгэн зэрэг хөгжөөн бодолд урих явдал юм.
“Туг пикчерс” кино компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий продюсер Б. Энхжаргал энэ талаар:
“Дэлхийн 10 гаруй оронд хийгдсэн уран бүтээлийг сонгож авсан. Монгол Улсад гэр бүл салалтын тоо огцом нэмэгдэж байгаа. Жилд 18 мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг ч 5 орчим мянган нь салдаг. Үүний улмаас жил болгон 10 мянган хүүхэд өнчирдөг гэх судалгаа бий. Энэ эмзэглэлийн улмаас энэхүү сэдвийг сонгож хийсэн. Үзэгчдэд гэр бүлийн харилцааны боловсрол олгох болов уу гэж бодож байгаа” гэж онцолсон юм.
Тэгэхээр “Ангарагийнхан” зөвхөн инээлгэх зорилготой хөнгөн цуврал биш, гэр бүл доторх харилцааны асуудлыг соёлын хэлээр ярилцаж, ойлголцлыг нэмэгдүүлэхийг зорьсон бүтээл болж байна.
Жүжигчид: “Гэр бүлд сургалт болохоор кино”
Киноны гол дүрүүдэд МУСТА Ж.Алтаншагай, МУСТА Г.Нарансолонго, МУГЖ О.Гэрэлсүх, АЖ С.Сарантуяа зэрэг театр, телевизийн нэртэй уран бүтээлчид тогложээ. Уран бүтээлчдийн хувьд энэ киноны агуулга олон айлын “гал тогоонд” болж буй бодит байдалтай тун ойр гэж үзэж байна.
МУСТА, жүжигчин Г.Нарансолонго ийн хэлжээ:
“Гэр бүлүүдэд сургалт болохоор кино. Хосын харилцаа болон өсвөр насны хүүхэдтэй аав, ээжүүдийн харилцааны талаарх кино. Амьдралд ойр юм шиг санагдаж байгаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ингэснээр цуврал зөвхөн хосуудын зөрчил, маргааныг биш, өсвөр насны хүүхэдтэй гэр бүлийн шилжилтийн үе, эцэг эхийн ойлголцол, үе хоорондын ялгааг ч харуулах нь тодорхой болж байна.
Хамтын ажиллагаа, ивээн тэтгэгчдийн байр суурь
“Ангарагийнхан” төсөлд томоохон бизнесийн байгууллага ч нэгдсэн байна. “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима:
“Манай компани “Туг пикчерс”-тэй анх удаа хамтран ажиллаж байна. Олон үзэгчийн татаж чадна гэж найдаж байна. Киноны агуулга гэр бүлийн амьдрал. Мөн гэр бүлээрээ хүлээн авч үзэх боломжтой гэдгээрээ онцлог” хэмээн онцолжээ.
Үүнээс харахад уг цувралыг зөвхөн залуус төдийгүй бүхэл бүтэн гэр бүлээрээ хамтдаа үзэх, харилцан ярилцах боломжтой контент болгон байршуулах зорилготой байна.
“Ангарагийнхан”-ыг хаана, хэзээ үзэх вэ?
“Ангарагийнхан” инээдмийн олон ангит кино нь арваннэгдүгээр сарын 17-ноос эхлэн Боловсрол телевизээр албан ёсоор цацагдаж эхэлсэн. Мөн дижитал орчинд үзэхийг хүссэн үзэгчид Mobihome болон VOO видео сангаар дамжуулан телевизээрээсээ өмнө, түрүүлж үзэх боломжтой.
Ингэснээр эхнээсээ л “спойлер”-оо харамладаг үнэнч сериал сонирхогчид, стрийминг хэрэглэгчид киноны үйл явдлыг урьдчилж дагах боломжтой болж байна.
Монгол гэр бүлүүдийн бодит амьдрал, стресс, хайр, инээд, үл ойлголцол бүхнийг инээдмийн өнгө аястайгаар нэг дор багтаасан “Ангарагийнхан” цуврал нь ойрын хугацаанд хамгийн их яригдах, хамгийн олон хүн дурсан ярьдаг гэр бүлийн сериалуудын нэг болох өндөр боломжтой хэвээр байна.