Нүүр хуудас Кино“Black Panther”-ын хаан T’Challa-гийн дүрээр алдаршсан Чадвик Боузман “Алдрын гудамж”-нд мөнхөрлөө

“Black Panther”-ын хаан T’Challa-гийн дүрээр алдаршсан Чадвик Боузман “Алдрын гудамж”-нд мөнхөрлөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Чадвик Боузманы нэртэй од Лос Анжелес хотын “Холливуудын алдрын гудамж”-нд өчигдөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд албан ёсоор нэмэгдлээ. Ийнхүү тэрбээр кино урлагт үлдээсэн өв, үзэгчдийн хайр, хүндэтгэлийг билэгшээсэн одтой болж, нэр нь Холливуудын түүхэнд мөнхөрч байна.

“Black Panther”-ын хаанаас “Алдрын гудамж” хүртэл

Чадвик Боузман анх 2013 онд бодит түүхээс сэдэвлэсэн “42” кинонд тоглосноор өргөн олон үзэгчдэд танигдсан. Үүний нэг жилийн дараа, 2014 онд гарсан “Get on Up” кинонд домогт хөгжимчин Жеймс Брауныг дүрслэн үзүүлснээр түүний нэр Холливуудын томоохон жүжигчдийн тоонд багтах үндэс тавигджээ.

Гэвч Боузманыг дэлхийн кино сонирхогчид хамгийн ихээр “Marvel”-ын кино ертөнцийн “Black Panther” кинонд бүтээсэн Вакандагийн хаан T’Challa-гийн дүрээр нь санаж, дурссаар байдаг. Африк гаралтай супер баатрын энэ дүр нь дэлхийн олон сая үзэгчдэд өөрсдийгөө таних, бахархах шинэ бэлгэдэл болж, Чадвик Боузманыг үеийнхээ хамгийн нөлөө бүхий жүжигчдийн нэг болгосон юм.

Өвчинтэй тэмцсэн ч тайз, дэлгэцээ орхисонгүй

Боузман 2016 оноос хойш бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэж байсан ч өвчнөө олон нийтээс нууцалж, уран бүтээлийнхээ карьерыг зогсоолгүй үргэлжлүүлжээ. Тэрээр 2020 онд дэлгэцнээ гарсан “Da 5 Bloods”, “Ma Rainey’s Black Bottom” бүтээлүүдэд тоглохын зэрэгцээ 2018 онд гарсан “Black Panther” кинонд мөн хүнд өвчнийхөө дарамт дор ажилласан байдаг.

Харамсалтай нь Чадвик Боузман 2020 онд ердөө 43-хан насандаа таалал төгсөж, кино урлаг, үзэгчдийн сэтгэлд нөхөж баршгүй хоосон орон зай үлдээсэн. Харин өдгөө “Холливуудын алдрын гудамж”-нд байршуулсан шинэ од нь түүний авьяас, зориг, уран бүтээлийн өвийг хойч үед сануулж үлдэх билэг тэмдэг болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх