Таллины “Хар шөнө” кино наадам шилдгүүдээ тодрууллаа
Эстони Улсын Таллин хотноо 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадам энэ сарын 7-23-нд болж, дэлхийн олон орны уран бүтээлчид бүтээлээрээ өрсөлдөн, наадмын шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жил наадмын үндсэн уралдаант хэсэгт Унгар, Морокко, Испани, Филиппин, Монгол, Герман зэрэг улсын төлөөлөл болсон нийт 17 уран сайхны бүрэн хэмжээний кино нэрлэгдэн өрсөлцсөн байна.
“Сэтгэлийн зураг” NETPAC шагналын эзэн болов
Наадмын үндсэн уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ бүтээл “Сэтгэлийн зураг” /The Muralis/ уран сайхны кино шалгарч, Азийн кино урлагийг дэмжих зорилготой нэр хүндтэй NETPAC шагнал хүртлээ.
Ингэснээр “Сэтгэлийн зураг” нь Таллин хотын “Хар шөнө” наадмын гол програмд багтан өрсөлдөхөөс гадна, олон улсын шүүгчдийн үнэлгээгээр шилдэгт тооцогдож, Монголын орчин үеийн кино урлагийн чанар, чадамжийг дахин нотоллоо.
Өмнөх амжилтын үргэлжлэл – “Чимээгүй хотын жолооч”
Найруулагч Ж.Сэнгэдоржийн Таллины наадмаас хүртсэн амжилт энэ удаагаар анх удаа тохиож байгаа хэрэг биш. Түүний “Чимээгүй хотын жолооч” /Silent city driver/ уран бүтээл өнгөрсөн жилийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн өрсөлдөөнт хэсэгт оролцож, Гран при /Grand Prix/ болон Шилдэг зураачийн /Best Production Design/ шагналыг хүртэж байв.
Ийнхүү дараалан хоёр жил Таллин дахь нэр хүндтэй наадмын гол хэсэгт багтан, эхлээд Гран при, дараа нь NETPAC шагнал хүртэж буй нь Ж.Сэнгэдоржийн найруулгын хувь онцлог, уран бүтээлийн түвшин олон улсын кино ертөнцөд тогтвортой үнэлэгдэж, Монголын кино урлагийн нэр хүнд өсөж буйн тод илрэл болж байна.