“ONE Championship” холбооны аваргын бүсийг эзэмшиж буй Бразилын Фабрицио Андраде хөнгөн жингийн бүсээ ирэх арванхоёрдугаар сарын 5-нд Тайландын Бангкок хотноо болох “ONE Fight Night 38”-ын үеэр хамгаална. Түүний эсрэг торонд гарч ирэх хүн бол Монголын Баатархүүгийн Энх-Оргил.
Монголын үзэгчид “Physical Asia” шоуны шударга байдлын талаар халуун маргаан өрнүүлж, монгол, япон тамирчдад хүнд нөхцөл ногдсон тухай сэтгүүлчид шүүмжилж байсан энэ үед Б.Энх-Оргил энтертейнмент шоу биш, жинхэнэ шударга өрсөлдөөн бүхий торон дотор дэлхийн аваргатай нүүр тулна.
Б.Энх-Оргил: Ялагдлаас хойших гурван дараалсан ялалт
Б.Энх-Оргил өмнө нь ОХУ-ын тулаанч Артём Белахд ялагдсаны дараа карьерынхаа хамгийн чухал гурван тулаанд дараалан ялалт байгуулсан. Тэр Карло Бумина-Ан, Аарон Канарт, Жэрэми Пакатау нарыг дараалан буулгаж авснаар жингийнхээ эрэмбэд эргэн гарч ирж, аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй тамирчин гэж үнэлэгдэх хэмжээнд хүрсэн.
“Physical Asia” шоуны үеэр ч Б.Энх-Оргилийн нэр байнга яригдаж байв. Сэтгүүлч С.Шижирбатын хэлснээр Монгол–Японы баг 180 кг жинтэй модыг хамтаараа өргөх гэж байхад “Солонгосын хөнгөн жингийн 2 эмэгтэй өргөөд явчихлаа” гэх мэт даалгаврын шударга байдалд эргэлзээ төрсөн. Тэрбээр “Манайх 2-3-уулаа нийлээд модыг өргөж дийлэхгүй байна гэж Б.Энх-Оргилын хэлснийг сонссон биз дээ” хэмээн бичиж, жингийн ялгаатай даалгавар өгсөн байж болзошгүйг онцолсон.
Ийм маргаантай шоуны дараа Б.Энх-Оргил одоо цэвэр дүрэм, нэг тор, нэг шүүгчийн дор, ижил нөхцөлд аваргын бүсийн төлөө хүч сорих гэж байна.
Андраде: “Тэр аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй”
Фабрицио Андраде ирэх тулааны талаар Тайландын “Bangkok Post” сонины сэтгүүлч Ник Эткиний подкастад оролцох үеэрээ ийн ярьжээ.
“Тэр бол сайн тулаанч. Артем Белахд ялагдсаныхаа дараа гурав дараалан чадварлаг ялалт байгуулсан. Тиймээс тэр аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй тамирчин. Миний хувьд аваргын бүсээ хамгаалахыг хүсэж байна. Миний өрсөлдөгч хэн байх нь чухал биш. Би хэн нэгэнтэй тулалдахаар товлогдсон бол түүнийг дуусгахыг хичээдэг. Цаашид жил бүр гурван тулаан хийхээр төлөвлөж байгаа. Үүний тулд өрсөлдөгч олон байх хэрэгтэй байна” гэж ярьжээ.
Андраде ийнхүү Б.Энх-Оргилийг дутуу үнэлэлгүй, аваргын түвшний өрсөлдөгч хэмээн шууд хүлээн зөвшөөрч байгаа нь монгол тамирчны сүүлийн жилүүдийн хөдөлмөр, амжилтыг олон улсын түвшинд үнэлэгдэж байгаагийн илрэл юм.
42 секундэд бүсээ хамгаалсан аварга ба монгол сорилт
Бразил аварга өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд БНСУ-ын Вон Илийг ердөө 42 секундэд буулган авч, аваргын бүсээ хамгаалсан. Энэ тулаан түүнийг жингийнхээ хамгийн аюултай striker-уудын нэг гэдгийг дахин баталж, “хэнийг ч, хэзээ ч дуусгаж чадна” гэсэн имижийг нь улам тодруулсан.
Харин Б.Энх-Оргилын хувьд “Physical Asia”-гийн маргаантай даалгаврууд, хүнд нөхцөл, шударга бус байж болзошгүй тоглолтуудаас ялгаатайгаар энэ удаа бүх зүйл тун энгийн: нэг тор, нэг аваргын бүс, хоёр тулаанч. Ямар ч “сценарийн зохиолгүй”, зөвхөн бэлтгэл, тактик, сэтгэл зүй, эр зоригийн тулаанд монгол тулаанч дэлхийн аваргыг сорих гэж байна.
Монголын ММА-г сонирхогчид, “Physical Asia” шоуны талаар бухимдсан үзэгчид бүгд энэ удаа зөвхөн хүч, ур чадвар ярих шударга тулаан болохыг найдан ONE-гийн торыг ширтэж байна.