Түүхэнд анх удаа: нэг ёслолоос хосоороо шилдэг жүжигчин болов
46 дахь удаагийн “Blue Dragon Film Awards” кино наадам дээр жүжигчин Хён Бин, Сун Е Жин нар тус бүр шилдэг жүжигчин шагналыг хүртэж, урьд өмнө байгаагүй амжилтын эзэд боллоо. Ийнхүү тэд нэг ёслолоос зэрэг шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний шагнал авсан анхны хосоор тэмдэглэгдэн, Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд нэрээ дахин бичүүлэв.
“No Other Choice” – шөнө даяар ноёрхсон кино
Энэ жил шагнал гардуулах ёслолоор нийт 12 төрөлд шилдгүүдийг тодруулсан бөгөөд Сун Е Жиний тоглосон “No Other Choice” бүтээл жинхэнэ утгаараа гол дүрд гарч ирэв. Уг кино:
- шилдэг кино,
- шилдэг найруулагч,
- шилдэг эмэгтэй жүжигчин,
- шилдэг туслах дүр,
- шилдэг хөгжим,
- үзэгчдийн таашаалд нийцсэн кино
гэх зэрэг нийт долоон төрөлд түрүүлж, шүүмжлэгчид төдийгүй үзэгчдийн үнэлгээг нэгэн зэрэг хүртсэн байна.
“Harbin” ба Хён Биний талархлын үг
Хён Бин “Harbin” уран сайхны киноны дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчин шагнал хүртсэн бөгөөд тус киноны зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийсэн нь монгол үзэгчдийн дунд ч онцгой анхаарал татсан билээ.
Шагнал гардан авахдаа тэрээр:
“Би энэхүү шагналыг эх орныхоо төлөө амиа өргөсөн тоолж барамгүй олон хүмүүст зориулахыг хүсэж байна. Надад байгаагаараа хүч чадал минь болж өгдөг эхнэр Сун Е Жин, болон хүүдээ хайртай шүү. Баярлалаа”
хэмээн хэлж, хувийн амьдрал, уран бүтээлийнхээ утга учрыг нэгэн зэрэг илэрхийлэв.
Сун Е Жин: Хайрттайгаа хамт мөрөөдлөө биелүүлсэн мөч
Сун Е Жин ч мөн “No Other Choice” киноны дүрээрээ олон жилийн мөрөөдлөө биелүүлэн, “Blue Dragon”-ы тайзан дээр зогслоо. Шагнал гардаж авахдаа тэрээр сэтгэлээ нуулаагүй:
“Би нэр дэвших үедээ ихэвчлэн тайзнаа гараад хэлэх үгээ бэлдчихдэг ч энэ удаад чадаагүй. Тархи минь одоо хов хоосон байна. Жүжигчин хүний хувьд” Blue Dragons” шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртэх нь миний анхны мөрөөдөл байсан. Энэхүү баярт мөчөө хамгийн хайртай хоёр эрэгтэйтэйгээ хуваалцахыг хүсэж байна. Ким Тэ Пён (Хён Биний жинхэнэ нэр), болон миний хүү. Энэ шагнал зөвхөн минийх биш, хамтран ажилласан багийнх. Хайрттайгаа хамт ийм амжилт гаргасан нь надад онцгой мэдрэмж төрүүлж байна”
хэмээн хэлж, тайзнаас гэр бүл, уран бүтээлчдийнхээ өмнө талархлаа илэрхийлжээ.
Дэлгэцнээс амьдрал руу: хайр, карьер хоёр зэрэг ялалт байгууллаа
Хён Бин, Сун Е Жин хоёр 2019 онд цацагдсан “Crash Landing on You” олон ангит кинонд хамтран тоглох үедээ дэлгэцнээ хосын дүр бүтээж, улмаар бодит амьдрал дээр дотносон 2022 онд хуримаа хийсэн. Өнөөдөр тэд Өмнөд Солонгосын “хамгийн сайхан хос”-ын нэгээс гадна нэгэн кино наадмаас зэрэг шилдэг жүжигчин болсон анхны хос гэдгээрээ дахин түүх бүтээж байна.