Нүүр хуудас Үйл явдал ба зарНэгхэн оройгоор дэлхийн түвшний оддыг цуглуулах “Virtuoso Gala Concert-2025”

Нэгхэн оройгоор дэлхийн түвшний оддыг цуглуулах “Virtuoso Gala Concert-2025”

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Тоглолтын тов, тайзны эзэд

Гарамгай авьяастнуудыг нэгэн тайзанд нэгтгэдэг уламжлалт, нэгдсэн “Virtuoso gala concert-2025” тоглолт энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдана. Уламжлалт тоглолт ирэх сарын 12 дугаар сарын 6-ны өдөр 18:00 цагаас Улсын филармонийн тайзнаа өрнөх бөгөөд тасралтгүй амжилт гаргаж буй өсвөр, залуу авьяастнууд болон Монголынхоо нэрийг олон улсын тайзнаа гаргаж яваа шилдэг уран бүтээлчдийг нэгэн үдшинд чуулгана.

Сүүлийн жилүүдэд эх орондоо төдийгүй гадаадын нэр хүндтэй тайзууд дээр өөрийгөө батлан харуулсан үндэсний хөгжимчид, сонгодог хөгжмийн уран бүтээлчид энэ орой ур чадвар, хөдөлмөрийнхөө үр дүнг сонсогчдод хүргэхээр бэлтгэж байна. Монголын үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн огтлолцол болсон энэхүү тоглолт нь үзэгчдэд нас, туршлагаараа өөр боловч ижил түвшний өндөр чансаатай уран бүтээлчдийн тоглолтыг нэгэн зэрэг үзэх ховор боломжийг олгоно.

Үндэсний хөгжмийн уран бүтээлчид нэг тайзнаа

Үндэсний хөгжмийн хэсэгт морин хуур, ятга, хуучир, шанз, ёочин зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн гоцлол бүтээлүүд эгшиглэнэ. Морин хуурч У.Төгсжаргал (МУК-ийн ЕБС-ийн 7-р ангийн сурагч) Ц.Сүхбаатарын “Үүлэн бор” бүтээлийг тайзнаа толилуулж, хүүхэд насны цэвэрхэн мэдрэмжийг морин хуурын цар хүрээтэй эгшиглүүлнэ.

Ятгач М.Амина (МУК-ийн ЕБС-ийн 9-р ангийн сурагч) өөрийн зохиосон “Зүрхэн эрдэнэ” аялгуугаа тоглож, үндэсний хөгжимчдийн шинэ үеийн бүтээлч сэтгэлгээ, зохиомжийн ур чадварыг харуулах бол хуучирч Г.Нандин-Эрдэнэ (МУК-ийн Мэргэжлийн сургуулийн I курс) Жоу Вэйн “Усан үзэм боловсорлоо” нэртэй бүтээлийг сонсголонд хүргэнэ.

Мөн шанзчин М.Солонго (МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курс) Ли Бо Чаны “Намрын сүүлчээр” бүтээлээрээ сонсогчдыг намрын намуухан уур амьсгалд умбуулж, ёочинч Б.Хатансарнай (МУК-ийн Мэргэжлийн сургуулийн I курс) Ф.Листийн алдарт Унгар рапсоди №2 бүтээлийг тоглон үндэсний зэмсэг болон сонгодог репертуар хэр зэрэг гайхалтай зохицдогийг харуулна.

Сонгодог хөгжмийн тайзны залуу мастерууд

Сонгодог хөгжмийн хэсэгт төгөлдөр хуур, хийл, виолончель, цохивор хөгжим зэрэг орчин үеийн сонгодог хөгжмийн голлох зэмсгүүдийн шилдэг бүтээлүүд эгшиглэхээр байна.

Төгөлдөр хуурч Г.Бадмаараг (МУК-ийн ЕБС-ийн 5-р ангийн сурагч) Д.Кабалевскийн Сонатина Op.13, No.1 зохиолын гуравдугаар хэсгийг тоглож, бага ангийн сурагч хэдий ч хэр өндөр төвшинд хүрч болдгийг харуулна. Виолончельч Ч.Цэцэн (МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курс) К.Давыдовын “Усан оргилуурын дэргэд” Op.20 No.2 бүтээлээрээ тайзнаа гарч, виолончелийн гүн уянгат өнгийг мэдрүүлэх юм.

Төгөлдөр хуурч О.Нандин (МУК-ийн Мэргэжлийн сургуулийн II курс) Ф.Листийн “Баатарлаг” этюдийг тоглож, техникийн чадвар, сэтгэл хөдлөлийн хүчийг нэгэн зэрэг дээшлүүлнэ. Хийлч М.Азжаргал (Мэргэжлийн сургуулийн I курс) Вьетанын “Рондино” бүтээлээр сонсогчдын сонорыг мялааж, цохивор хөгжимчин Б.Марал (Мэргэжлийн сургуулийн III курс) Т.Голинскийн “Luminosity” (“Огторгуйн гялбаа”) нэртэй бүтээлээрээ орчин цагийн хөгжмийн өнгө аяс, хэмнэлийн баялаг ертөнцийг тайзнаа бүтээнэ.

Мэргэжлийн багш, хөгжимчдийн тоглолт үдшийг улам бүр оргил үед нь хүргэнэ. Төгөлдөр хуурч А.Мандалноров (МУК-ийн багш) Ш.Өлзийбаярын “Рапсоди” бүтээлийг, төгөлдөр хуурч О.Энхмөнх (Улсын филармонийн хөгжимчин) Ф.Шопены этюд Op.10, №5-ыг тоглож, дэлхийн сонгодог бүтээлийг монгол тайзнаа амь оруулна.

Мөн төгөлдөр хуурч Г.Болормаа (МУК-ийн багш) С.В.Рахманиновын ми-бемоль минор “Элегия” бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд тодоор үлдэх уянгат мөчийг бий болгоно.

Дуучин Х.Мөнхтүвшин (баритон, “Улаанбаатар” театрын гоцлол дуучин) С.Кардиллогийн CORE ‘NGRATO болон Н.Жанцанноровын “Би хувьтай гэгдэх хүний нэг” дуунуудыг дуулах бөгөөд түүний хүчирхэг хоолой, драматик илэрхийлэл нь тоглолтын сэтгэл хөдлөлийн оргил хэсгүүдийн нэг байх нь гарцаагүй.

Үдшийн төгсгөлд Улсын филармонийн симфони найрал хөгжмийн ерөнхий концертмейстер, хийлч Х.Санчир Виталигийн “Чаконне”-ийг хийл, төгөлдөр хуурт зориулсан хувилбараар тоглож, оройг сүрлэг, сэтгэл хөдөлгөм өнгө аясаар өндөрлүүлэхээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх