Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix” компани болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “MBC” телевизийн хамтран бүтээсэн “Physical Asia” шоу нэвтрүүлэгт Монгол Улсыг төлөөлөн оролцсон баг тамирчид, төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам тэднийг Монгол Улсын нэр хүндийг олон улсад өргөж, жуулчдын анхаарлыг татахад бодитой, үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, албан ёсоор талархал илэрхийлэв.
Тэрбээр монгол тамирчдын харуулсан хүчин чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, багийн эв нэгдэл, монгол хүний онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд маш эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг огт өөр, шинэлэг өнцгөөс харах боломжийг нээсэн гэдгийг дурдлаа. Иймээс цаашид тус төслийн баг болон тамирчидтай Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголыг брэндчлэх чиглэлээр системтэй хамтран ажиллахаар болсон байна.
Олон орны үзэгчдийг байлдан дагуулж буй “Physical Asia” шоу нэвтрүүлэг нь одоогийн байдлаар дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчийг татан оролцуулж байгаа бөгөөд тэдгээрийн дундаас Монгол Улсын баг, тамирчдын оролцсон хэсгүүд хамгийн өндөр хандалт, сошиал хэлэлцүүлгийг авч буй нь онцгой үзэгдэл болоод байна.