Hwasa 2019 онд соло уран бүтээлчээр дебют хийсэн цагаасаа эхлэн K-pop-ийн хамгийн хүчирхэг эмэгтэй артистуудын нэг гэдгээ “TWIT” дуугаараа батлан харуулсан. Түүний өвөрмөц хоолой, тайзан дээрх эрч хүчтэй нь нийлээд анхны соло дуу нь шууд хит болж, олон нийтийн дунд “ганцаараа тайзыг дүүргэж чаддаг” уран бүтээлч хэмээн үнэлэгдэх болсон.
“Don’t”-оос “Good Goodbye” хүртэлх замнал: бүх дуу нь хит болж чадсан нь
Hwasa уран бүтээлчийн хувьд анхны томоохон амжилтаа 2018 онд гаргасан. Тэр үед өөрийн үгийг нь бичиж, дуулсан “Don’t” дуугаараа Perfect All-Kill (PAK) авч чадсан гуравдугаар үеийн анхны эмэгтэй айдол болсон нь K-pop түүхэнд тод тэмдэглэгджээ.
Үүнээс хойш Hwasa-гийн нэр хүнд Солонгост огцом өсөж, түүний гаргасан бараг бүх дуу хит жагсаалтыг тэргүүлэх болсон. “Don’t”, “TWIT”, “MARIA”, хамгийн сүүлийн “Good Goodbye” зэрэг уран бүтээлүүд нь бүгд олны амны уншлага болж, чартуудад тогтвортой өндөр байр эзэлсэн.
Сүүлд хит болоод байгаа “Good Goodbye” дууг ч мөн Hwasa өөрөө үг, ая, хөгжмийн найруулгын түвшинд оролцон бүтээсэн нь түүнийг зөвхөн дуучин бус, өндөр түвшний уран бүтээлч гэдгийг дахин харуулж байна.
Соло карьерынхаа 7 жилийн хугацаанд тэр нийт 12 дуу гаргаснаас 11 нь Солонгосын гол хөгжмийн чартуудын TOP 50-т шалгарсан нь төдий хэмжээний хугацаанд бусад олон артистын хувьд төсөөлөхийн аргагүй амжилт юм.
K-pop-д урьд өмнө байгаагүй амжилт: дөрвөн өөр төрлийн PAK-ийн эзэн
Hwasa өнөөдөр K-pop-ийн түүхэнд дөрвөн өөр төрлийн Perfect All-Kill хүртсэн цорын ганц соло артист болон бүртгэгдэж байна. Түүний PAK-ууд нь өөр өөр формат, төслүүдээр дамжиж биеллээ олсон нь онцгойд тооцогдоно.
Юуны өмнө тэр MAMAMOO хамтлагийн гишүүн байхдаа 2016 онд гарсан “You’re the Best” дуугаар анх удаа Perfect All-Kill-д хүрсэн. Үүний дараа 2018 онд реппер Loco-той хамтарсан “Don’t” дуугаараа хамтарсан уран бүтээлээрээ дахин PAK авч, амжилтаа баталгаажуулжээ.
2020 онд төслийн хамтлаг болох Refund Sisters-ын “Don’t Touch Me” дуу нь мөн бүх чартын оргилд нэгэн зэрэг гарч, гурав дахь PAK-ийг нь авчирсан. Харин 2025 онд соло артистын хувиар гаргасан “Good Goodbye” нь түүний дөрөв дэх, өөр өөр формат дахь PAK амжилт болж, K-pop-д урьд өмнө байгаагүй түүхийг бичиж байна.
Ингэснээр Hwasa:
- хамтлагийн гишүүн,
- хамтарсан уран бүтээл,
- төслийн хамтлаг,
- соло артист
гэсэн дөрвөн өөр төрлөөр Perfect All-Kill хийж чадсан анхны ба цорын ганц K-pop соло артист боллоо.
Perfect All-Kill (PAK) гэж юу вэ?
Perfect All-Kill гэх ойлголтыг Солонгосын нэгдсэн iChart-ыг ажиллуулдаг Instiz байгууллага албан ёсоор тодорхойлж, баталгаажуулдаг. Нэг дуу улс даяарх бүх гол хөгжмийн платформ дээр нэгэн зэрэг #1 байр эзэлсэн үед Instiz систем автоматаар уг дууг PAK авсан гэж бүртгэж, зарладаг. K-pop fandom-ууд ч энэ сайтад тулгуурлан “PAK авлаа” хэмээн ярьдаг нь үүнтэй холбоотой.
PAK авах нь K-pop ертөнцөд хамгийн өндөр түвшний амжилтын нэгт тооцогддог бөгөөд тухайн дуу нь зөвхөн нэг платформ дээр биш, бүхэл бүтэн зах зээл дээр давамгайлж байгааг харуулдаг.
“Queen Hwasa” нэршлийн учир
Hwasa бол зөвхөн өөрийн фенүүдийг бус, K-pop-д тийм ч сонирхолгүй хүмүүсийг ч гайхшируулж чаддаг уран бүтээлч. Түүний тайзан дээр бусдыг татах чадвар, уран бүтээлийн чанар, дахин давтагдашгүй дүр төрх нь хэвлэл, шүүмжлэгчид, олон нийтээс “Queen Hwasa” гэх хочийг өгөхөд хүргэсэн.
Дөрвөн өөр төрлийн Perfect All-Kill хийсэн анхны эмэгтэй соло артист болсон нь энэ хочийг бүр ч баталгаажуулж, K-pop түүхэн дэх байр суурийг нь улам тодруулж байна.