“Харри Поттер” киноны цувралд Драко Малфойн дүрийг бүтээснээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Том Фелтон удахгүй нээлтээ хийх “Fackham Hall” кинотойгоо холбогдуулан фенүүдээсээ асуулт авч хариулсан ярилцлагыг “The Guardian” агентлаг нийтэлжээ.
Драко Малфой ба дуртай дээрэлхэгч дүр
Том Фелтон Драко Малфойн дүрийнхээ талаар сэтгэлээ нээж ярихдаа:
“Эцэг нь хүүхдээ үнэхээр тааруу хүмүүжүүлсний үр дүнд тийм болсон гэдгийг нь мэддэг болохоор би Дрэйког маш их өрөвддөг.”
Тэрээр киноны дүрүүдээс дуртай сургуулийн дээрэлхэгч дүрийг нэрлэхдээ “The Simpsons” цувралын Нэлсон Манцыг хамгийн ихээр таашаадаг гэдгээ дурдсан. Хэдийгээр “The Inbetweeners”-ийн Жеймс Баклийн бүтээсэн Д. Донованы дүрийг “инээдмийн маягийн дээрэлхүү хүний жишээ” хэмээн тодорхойлсон ч, өөрийгөө “The Simpsons” цувралын үнэнч шүтэн бишрэгч гэдгээрээ Нэлсоныг онцолжээ.
Загасчлал ба Харри Поттерын зураг авалт
Том Фелтон загасчлах сонирхолдоо хэрхэн татагдсан тухайгаа хуваалцсан. Түүний барьж байсан хамгийн том загас нь 15 жилийн өмнө Нью-Йорк мужийн Гэгээн Лаурентийн голоос барьсан 17 кг гаруй жинтэй энгийн мөрөг загас байжээ.
- Түүнийг анх “Харри Поттер”-ын зураг авалтын үеэр ах Крис нь загасчлахад уруу татсан аж.
- Анхны анги дээр ээж нь, хоёрдугаар анги дээр өвөө нь түүнийг харгалзаж байжээ.
- Сонирхолтой нь, түүний өвөө шидтэн шиг харагддаг байсан тул найруулагч Крис Коламбус түүнийг Дамблдорын хажууд багш нарын ширээний ард суулгаж, кинонд тоглуулж байсан түүхтэй.
- Тэрээр зураг авалтын цагийн хуваарийг өөрчилж, шөнөжин загасчилж, хэдхэн цаг унтаад буцаж Хогвартсын талбай руу явдаг байсан бөгөөд энэ үе нь байгальд ойр байх, загасчлах, нохойгоо салхилуулах зэрэг насан туршийн хүсэл сонирхлыг нь бий болгосон гэж үзжээ.
Шар үсний давуу болон сул тал
Жүжигчин өөрийн шар үстэй байхын давуу болон сул талуудыг нэрлэхдээ: Сул тал нь ес хоног тутамд үсээ будах шаардлага гардаг бөгөөд одоо үстэй байгаа нь гайхамшиг гэж хошигносон. Гэвч үсээ шар болгоход л шууд л Малфой шиг зантай болдог байна. Тэрээр “Барбитай би санал нэг байна. Шар үстэй хүмүүс илүү хөгжилтэй амьдардаг” хэмээсэн байна. “Harry Potter and the Cursed Child” жүжигт оролцохдоо аз болоход хиймэл үс зүүсэн гэдгээ дурджээ.
Телевизийн цуврал ба хамтран ажилласан уран бүтээлчид
Фелтон өнгөрсөн болон одоо үеийн цувралуудаас “Mr Bean”-д тоглохыг хүсдэг байсан нь хэлний саадгүй ойлгогддог, дэлхий даяар хүндлэгддэгт нь оршино гэв. Тэрээр АНУ дахь хамтран ажиллагсдадаа Английн инээдмийн цувралуудын гайхамшгийг танилцуулах дуртай бөгөөд “Only Fools and Horses”-ийн хэсгүүдийг үзүүлдэг тухайгаа хуваалцсан.
“Fackham Hall” киноны тухай ярихдаа, зураг авалтын үеэр ангийн буугаар бууддаг инээдтэй хэсэгт инээчихгүй байх нь хэцүү байсан гээд, өөрийн аавын дүрд тоглосон Дамиан болон “Харри Поттер”-т Малфойн ээжид тоглосон Хелен МакКрори агсантай хамтран ажилласандаа баяртай байгаагаа илэрхийлсэн.
Харин “Message from the King” триллер кинонд хамтран тоглосон Чадвик Боузмантай ажиллахдаа түүнийг мэргэжлийн болон өөр түвшний хүн байсныг онцолжээ.
“Чадвик намайг машин руу үнэхээр догшин байдлаар шидсэн. Тэр намайг үнэхээр дуу гарахааргүй болтол нүдсэн болохоор жүжиглэх шаардлага бараг гараагүй дээ.”
Тэрээр Чадвикийг “Rise of the Planet of the Apes” кинонд хамтран ажилласан Энди Серкистэй төстэй гэж үзсэн нь, тэдний дүр бүтээхдээ үзүүлдэг хувирал, мэргэжлийн өндөр ур чадвартай нь холбоотой аж.
Дракогийн тухай эргэцүүлэл ба тэжээвэр амьтан
Драко Малфой Хогвартсын тулалдааны үеэр Волдеморттой тулалдаж, гол гуравтай мөр зэрэгцсэн бол өмнө нь хийсэн буруу зүйлсээ цайруулж чадах эсэх талаарх фенүүдийн асуултад: “Тийм ч гэж бодож байна, үгүй ч гэж бодож байна” хэмээн хариулсан. Тэрээр зохиолч биш учраас Ж.К.Роулинг-ийн төгс бичсэн зохиолын төгсгөлийг зөвшөөрдгөө илэрхийлсэн. Мөн Драмион (Драко, Хермион) болон Драрри (Драко, Харри) зэрэг фенүүдийн зохиомол хосуудын тухай мэддэгээ хуваалцсан.
Түүний тэжээдэг байсан чинчилла Стэнлигээр дурсамжаа хуваалцахдаа: “Миний илж үзсэн хамгийн хөвсгөр амьтан байсан” гэж дурссан. Түүний амьтанд тийм ч хайртай бус байсан аав нь Стэнлид зориулж харьцангуй жижиг байшинд амьдардаг байсан ч аварга том тор хийж өгч байсан аж. Стэнли ерөнхийдөө эелдэг байсан ч нэг удаа түүнийг хазаж байсан гэнэ.
Эх сурвалж: The Guardian
2 сэтгэгдэлүүд
Том Фелтоны амьдралын талаар ийм дэлгэрэнгүй унших сайхан байлаа, хүн тал нь их сонирхолтой юм
Дотно, уран бүтээлч хүн гэдэг нь улам сайн харагддаг юм байна