“A24”-ийн шинэ бүтээл албан ёсоор эхний трейлерээ гаргав
“A24” студийн шинэхэн уран бүтээл “The Drama” киноны анхны трейлер олон нийтэд албан ёсоор цацагдлаа. Тус киноны найруулагчаар “Dream Scenario” бүтээлээрээ танигдсан Кристоффер Боргли ажилласан бөгөөд орчин үеийн хосуудын харилцаа, хуримын өмнөх шахалт, төгс байдалд хүрэх гэсэн хүслийн цаадах эмх замбараагүй нөхцөл байдлыг өвөрмөц өнгө аясаар харуулахыг зорьжээ.
Зендея, Роберт Паттинсон нар ямар дүр бүтээх вэ
Кинонд жүжигчин Зендея болон Роберт Паттинсон нар гол дүрийг бүтээж, хуримынхаа өмнөх долоо хоногийг аль болох “төгс” болгохоор хичээж буй хосын дүрээр үзэгчидтэй уулзах юм. Гэвч тэдний өдөр хоногууд санаанд оромгүй эргэлт, бүтэлгүйтэл, дарамт, маргаанаар дүүрч, үлгэр мэт санагдах хуримын бэлтгэл нь аажмаар задрал руу чиглэснээр үйл явдал улам хурцадна гэж трейлерт өгүүлжээ.
Нээлтийн тов: 2026 оны дөрөвдүгээр сарын 3
“The Drama” кино 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд зөвхөн кино театруудаар нээлтээ хийхээр товлогдсон байна.