“Шар гэгээ” киноны баг дараагийн уран бүтээлээ зарлалаа
Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн “Шар гэгээ” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн таашаалд нийцэж, олон наадмаас шагнал хүртэж байсан. Тус кино 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шилдгээр шалгарч “Хангарьд” цомын эзэн болсон бөгөөд “Мөнгөн мод” наадмаас шилдэг кино урлагийн бүтээл шагналыг хүртжээ. Мөн Австралийн Перт хотод зохион байгуулсан олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал авсан тухай онцолж байна.
Шинэ киноны сэдэв: “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос
“Шар гэгээ”-г үзэгчдэд хүргэсэн баг, уран бүтээлчид дараагийн бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Энэ удаад тэд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Холын цагаан манан” уран сайхны киног бүтээсэн байна.
Хамтран бүтээсэн студиүд ба нээлтийн хугацаа
Тус киног “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээжээ. “Холын цагаан манан” уран сайхны киног 2026 оны эхний сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.